Цаг үеийн мэдээ

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа /2020.08.11/  Канад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэтрин Ивкофыг хүлээн авч уулзлаа. 

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа Канад улсаас Монгол улсад суух элчин сайдаар эмэгтэй хүн томилогдсон баяртай байгаагаа илэрхийлж, хүүхэд, эмэгтэйчүүд, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хамтран ажиллахад таатай байх болно гэдгийг уулзалтын эхэнд тэмдэглэлээ. 

Мөн 2012 онд НҮБ-аас “Эмэгтэйчүүд чадна” төслийг хэрэгжүүлсэн. Эмэгтэй улс төрчдийг дэмжих уг төслийг Канадын элчин сайдын яам дэмжин идэвхтэй ажилласан. Үүнээс хойш эмэгтэй улс төрчдийн тоо нэмэгдэж, Парламентад хамгийн багадаа 10 гаран эмэгтэй гишүүн сонгогддог болсон нь уг төслийн нөлөөлөл байсан гэдгийг тодотголоо.

Канад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэтрин Ивкоф Хөгжлийн туслалцааны хөтөлбөрийн хүрээнд хэд хэдэн төслүүд Монголд амжилттай хэрэгжиж байна. Өнөөдөр өглөө л гэхэд Канадын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй гэр бүлийн хүчирхийлэл болон жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг авах арга хэмжээг сайжруулах төсөл арга хэмжээнд оролцоод ирсэн тухайгаа дуулгалаа.

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа 2012-2016 онд Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг батлуулсан хэдий ч гэр бүлийн хүчирхийлэл төдийлөн буурахгүй байна. Ковид19 цар тахлын үед гэр бүлийн хүчирхийлэл өссөн харамсалтай статистик мэдээлэл байгаа учир энэ тал дээр харилцан туршлага судлан хамтран ажиллах хүсэлт тавилаа.  

УИХ-ын дэд дарга хүүхдүүдийг эх оронч сэтгэлтэй,  амьдрах арга ухаанд сургах, зөв хүн болгон төлөвшүүлэх зорилготой “Эх орон 36” хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй тухайгаа дурдсан юм. Үргэлжлүүлэн улс төр дахь эмэгтэйчүүдэд тулгамддаг асуудал болоод бусад асуудлаар санал солилцсон юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Таны сурталчилгаа