Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар (2020.08.11) Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Монгол Улсыг хариуцсан захирал Павит Рамачандран тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ноён Павит Рамачандран төрийн хариуцлагатай өндөр албанд дахин томилогдсонд УИХ-ын даргад баяр хүргээд тус банкнаас Монгол Улсад хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр, зээл, тусламжийн талаар танилцуулав.

Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсад хэд хэдэн томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тухайлбал, Ковид-19 цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж эрүүл мэндийн байгууллагуудын тоног төхөөрөмжийг шинэчлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлжээ. Мөн “Эрүүл мэндийн салбарын хөгжлийн хөтөлбөр 5 төсөл”-ийн хүрээнд 30 сая ам.долларын Яаралтай түргэн тусламжийн үед шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, оношлуур худалдан авахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээг байгуулаад байна. Мөн цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөлд 26.4 сая ам.долларын зээл олгох юм. Түүнчлэн 1.5 сая ам.долларын буцалтгүй тусламжийг Монгол Улсад олгохоор болжээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар ноён Павит Рамачандрантай дахин уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлээд Ковид -19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах, урьдчилан сэргийлэхэд чухал дэмжлэг үзүүлсээр ирсэнд Азийн хөгжлийн банканд талархал дэвшүүлэв. 

АХБ нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа идэвхтэй олон улсын санхүүгийн байгууллагын нэг бөгөөд санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөр болон санхүүжилтийн тоо хэмжээгээр Монгол Улсын бодит бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулж байгааг онцолсон юм.

Тэрбээр УИХ-ын ээлжит бус чуулган ирэх долоо хоногт эхэлж, Засгийн газрын 2024 он хүртэлх төлөвлөгөө, мөрийн хөтөлбөрийг хэлэлцэнэ. Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас ихээхэн хамаардаг. Эдийн засгаа солонгоруулахын тулд үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх томоохон шинэчлэлтийг хийх шаардлага бий. Тухайлбал, экспортыг нэмэгдүүлэхэд түлхэц болохуйц төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хэрэгтэй. Цаашид зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүнийг гаргахаас илүүтэй ноос ноолуур, арьс шир, мах, сүү зэрэг хөдөө аж ахуйн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргахыг эрмэлзэж байна. Өнгөрөгч 7 дугаар сард Азийн хөгжлийн банк, Монгол Улсын Засгийн газартай “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл”-ийн хэлэлцээрийг байгуулсан. Энэ төслийн хүрээнд Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх чөлөөт бүсийг байгуулна. Монгол Улс, ОХУ, БНХАУ-ыг холбосон эдийн засгийн коридорыг бий болгох зорилтыг хэрэгжүүлэхэд чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг дэмжих, дэд бүтцийг хөгжүүлэх тэр дундаа төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхэд Азийн хөгжлийн банктай хамтран ажиллахад бэлэн байгаагаа Улсын Их Хурлын дарга илэрхийлэв.

Мөн  банкны салбарт бодлогын томоохон шинэчлэлт хийхээр УИХ-аас Ажлын хэсэг байгуулж, холбогдох хуулийн төслийг боловсруулж байгааг дуулгасан юм.

Үргэлжлүүлэн талууд Монгол Улсад Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр олгож буй төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн болон Азийн хөгжлийн банкны 2021-2024 оны түншлэлийн шинэ стратегийн хүрээнд хөгжлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцаж, санал солилцлоо.

 

Таны сурталчилгаа