Беларусь улсад Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн иргэдийн жагсаал 3 дахь шөнөө үргэлжиллээ. Мягмар гаргийн шөнө цагдаа нар жагсагчдын эсрэг мөн л нулимс асгаруулагч хий, резинен сумтай буу ашигласан байна.
Беларусийн цагдаа нар 2000 гаруй хүнийг баривчилж, 200 гаруй хүн гэмтэл авч эмнэлэгт хүргэгджээ. Баривчлагдсан хүмүүстэй ар гэрийнхэн нь холбогдож чадахгүй байгаа юм байна.
Цагдаа хүчнийхэн сэтгүүлчдийн биед халдаж, баривчлан, камерыг нь эвдэлсэн тохиолдол их гарсаар байна.
Энэ сарын 9-нд явагдсан Ерөнхийлөгчийн сонгуульд тус улсын төрийн эрхийг 1994 оноос хойш тасралтгүй барьж байгаа Александр Лукашенко 80,08 хувийн саналаар ялалт байгуулж улиран сонгогдохоор болсон юм. Харин түүний өрсөлдөгч, эмэгтэй нэр дэвшигч Светлана Тихановская 10,09 хувийн санал авсан юм.
Беларусийн иргэд сонгуулийг шудрага бус явагдсан хэмээн үзэж байгаа юм. Сонгуулийн дараа Литва улс руу зугтсан 38 настай Тихановская сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм.
Гэхдээ түүний сонгуулийн штаб жагсаалд оролцохгүй гэдгээ мэдэгдэж, эсэргүүцлийн хөдөлгөөнөө зогсоохыг дэмжигчиддээ уриалсан байна. Беларусь улсад сонгуулийн өдрөөс эхлэн интернетийн сүлжээг тасалж, нийгмийн сүлжээний ихэнх сайтууд, мессенжер, хайлтын системүүд ажиллахгүй байгаа юм байна.
Эх сурвалж:ВВС