Цаг үеийн мэдээ

Зам, тээврийн хөгжлийн Дэд сайд Ж.Бат-Эрдэнэ Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатарыг хүлээн авч уулзаж, “Нутгийн зам” төслийн хүрээнд Сүхбаатар аймагт нэн тэргүүнд хэрэгжүүлэх, ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөрийн талаар ярилцлаа.

Тухайлбал, Баруун-Урт-Дарьганга /60-ын овоо хүртэлх/ чиглэлийн 60 км авто зам нь Халзан, Баяндэлгэр, Дарьганга, Наран, Онгон зэрэг олон сумдыг хамрахаас гадна Сүхбаатар аймгийн хил орчмын болон Дарьгангын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ихээхэн чухал нөлөөтэй гэж үзэж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулж, хамтран ажиллахаар тохиролцов.

Мөн Дэд сайд Ж.Бат-Эрдэнэ Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотоор дайран өнгөрөх Монгол Улсын хэвтээ тэнхлэгийн Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Тамсагийн чиглэлийн төмөр замын барилгын ажлыг энэ оноос эхлүүлэх, Хөөт-Бичигт, Хөөт-Чойбалсан чиглэлийн төмөр замын барилгын ажлыг үргэлжлүүлэн хийхэд орон нутгийн зүгээс хүн хүчний болон зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллахыг хүслээ. Түүнчлэн Баруун-Урт-Бичигт чиглэлийн авто замыг ойрын хугацаанд эхлүүлэх талаар ярилцав.

Таны сурталчилгаа