Байгаль орчин аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл өнөөдөр өөрийн цахим хуудаснаа НҮБ болон Европын холбооноос нийт 11 сая еврогийн буцалтгүй тусламжийг манай улсын байгаль орчныг хамгаалах үйлсэд зориулах болсон тухай дурджээ. Тэрээр : Монгол Улсын өргөн уудам газар нутгийн маань 7,9 хувь нь л ойгоор бүрхэгдсэн байдаг. Тиймээс бид багахан ойгоо нүдний цөцгий мэт хайрлаж хамгаалах учиртай. НҮБ энэ чиглэлд манайд их тус хүргэж байна. 2014 оноос НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага Хөвсгөл, Булган, Хэнтий, Сэлэнгэ, Дархан аймгийн 27 суманд ой хамгаалах төсөл хэрэгжүүлж өнөөдөр хаалтаа хийлээ. Манай байгаль хамгаалагчид, нөхөрлөлүүд, нутгийн иргэд энэ төслийн хүрээнд ойгоо хэрхэн, арчилж хамгаалахын зэрэгцээ унанги модоор бүтээгдэхүүн хийж өрхийн орлогоо нэмэгдүүлэх зэрэг олон зүйлд суралцсанаа тайлагнаж, дэмжээд өгвөл их зүйл хийх чадвартайгаа харууллаа. НҮБ-5 сая доллар, Европын холбоо 6 сая еврогийн буцалтгүй тусламжаар манай улсын байгаль орчныг хамгаалахаар боллоо. НҮБ-ын суурин төлөөлөгч ноён Тапан Мишра, НҮБ-ын ХХБ-ын суурин төлөөлөгч ноён Винод Ахужа, Европын холбооны төлөөлөгчийн газрын хэлтсийн дарга Пьер-Ив Люка нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Бид Хан Хэнтийд хамт ажиллаад ирлээ гэжээ.