Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар нийслэлийн 2019-2020 оны өвөлжилтийн дүн, 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай захирамжийн хэрэгжилт, үр дүнг хэлэлцлээ.
Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд цахилгаан дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 1356 арга хэмжээг төлөвлөснөөс өнгөрсөн долдугаар сарын 20-ны өдрийн байдлаар 80%-ийн гүйцэтгэлтэй байна. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 189 дүгээр тогтоолоор агаарын чанарыг сайжруулах бүсэд өөрчлөлт оруулан Баянзүрх дүүргийн 20, Сонгинохайрхан дүүргийн 21, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулж байгаа 100 кВт/ц-аас дээш хүчин чадалтай 47 аж ахуйн нэгж болон 15 сургууль цэцэрлэгийн нийт 343 зуухыг халаалтын зуухтай холбожээ. Өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр цахилгаан хангамж, үерийн далан суваг хөрс, автозам, орон сууц нийтийн аж ахуйн чиглэлээр болон нийслэлийн хүн амын өвөл, хаврын улирлын махны хангамж, үнийн тогтвортой байдлын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээллээ.
Нийслэлийн хүн амын 2019-2020 оны өвөл, хаврын улирлын махны хангамж, хэрэгцээнд зориулан нийслэлийн 9 дүүрэгт 413 хүнсний дэлгүүрээр нийт 10510.88 тн буюу бэлтгэж хүнсний хэрэгцээнд нийлүүлжээ. 2020-2021 оны өвөл, хаврын улиралд махны хангамж, үнийн тогтвортой байдлыг хангах ажлыг эхлүүлэн мах бэлтгэн нийлүүлэх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах шалгуур үзүүлэлтүүдийг хэлэлцэн шинэчилж зарын төслийг боловсруулж сонгон шалгаруулалтыг явуулах бэлтгэл ажил хийгдэж байгаа аж.