Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Лантуун дохио” ТББ-ын үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлантай уулзлаа. Уулзалтаар “Лантуун дохио” ТББ-ын үйл ажиллагаа болон “Ид шидийн орон 1”, “Ид шидийн орон 2” хүүхэд хамгаалал хөгжлийн төвийн үйл ажиллагаа, цаашид хамтран ажиллах талаар санал бодлоо солилцов.
Тухайлбал, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэхийн тулд олон нийтийн хяналтын оролцоог сайжруулах тал дээр хамтарч ажиллах, ухуулга, сурталчилгаа, мэдээллийн ажлыг оновчтой зохион байгуулах зэрэг олон сэдвийг хөндлөө.
Олон нийтийн хяналтын оролцоог сайжруулснаар далд хэлбэрийн хүчирхийлэл буурах боломж бүрдэх юм. Тиймээс дээрх сэдэвтэй холбоотой аяныг улсын хэмжээнд бодитой үр дүнд хүрэхээр төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулахаар болов.
“Лантуун дохио” ТББ-ын үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан олон нийтийн тусламжаар үйл ажиллагаа явуулж байгаа ч бодлогын талаас төрийн байгууллагын дэмжлэг хэрэгтэй байгааг дурдаад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяаг “Ид шидийн орон 2” хүүхэд хамгаалал хөгжлийн төвөөр зочлохыг урьсан юм.
“Ид шидийн орон 1” төв нь Сонгинохайрхан дүүрэгт байдаг бөгөөд хүүхэд амьдран хамгаалах байртай үйл ажиллагаагаа явуулдаг. Харин “Ид шидийн орон 2” нь хүүхэд хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зориулалттай үйл ажиллагаа явуулж байгаа аж. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.