УИХ-ын гишүүн П.Анужин өнөөдөр Эхийн алдар хоёрдугаар одонгоо Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулгаас гардан авлаа. Тэрээр өөрийн цахим сүлжээндээ энэхүү баярт үйл явдлын талаарх сэтгэгдлээ нийтэлжээ.
Тэрээр : Надад итгэж, намайг сонгож, өөрсдийнхөө төлөөлөл болгон МУ-ын Их Хуралд илгээсэн Сонгинохайрхан дүүргийнхээ бүсгүйчүүдийн хамт Алдарт Эхийн одонгоо МУ-ын ерөнхийлөгчөөс гардан авлаа. Нэр төрийн хэрэг.
Төрүүлсэн хүүхдийн тоо гэхээсээ илүүтэй, төрүүлсэн үрээрээ хүн хийсний төлөө, өөрөөс унаагүй ч өрөөлийн нялх үрсийг өсгөн тэтгэснийх нь төлөө олгодог эхийн үнэлж барахгүй хөдөлмөрийг үнэлдэг, хүмүүнлэг хүнлэг сэтгэлийн төлөө олгодог шагнал хэмээн би ойлгодог.
Улс орны эдийн засаг хүнд, тэр дундаа эхчүүдийн хөдөлмөр эрхлэлт, амьжиргааны түвшин хангалтгүй, нуруунд үүрэх ачаа дэндүү хүнд цаг үед “Хүн нэмбэл хүнс нэмдэг” хэмээх уужуу ухаан сэтгэлээр монголын хүн амыг өсгөн, тэтгэж буй ижий нар хайрламаар, урамшуулмаар, дэмжмээр!
Хорвоог онож мэндэлсэн, энхрий үрсээ дэлхийн энтэй, үнэ цэнэтэй хүн болгох болгох асуудал бол төрийн цөм бодлого байх ёстой! 2 настнууд ясли цэцэрлэгт хамрагдаж чадахгүй болсоноос эхчүүдийн хөдөлмөр эрхлэх боломж хумигдах эрсдэлтэй тул “ хүүхэд харах үйлчилгээ”-г сэргээж, төсөвт суулгах тал дээр идэвхийлэн ажиллаж тодорхой санал оруулсан. Батлагдана хэмээн найдаж байна.
2020 оны хичээлийн жилээс хэрэгжиж эхлэх “Үдийн хоол” хөтөлбөрийн хүрээнд өгөх сурагчдын хоолны орц найрлагыг зөв болгож, хүүхдэд гарал үүсэл тодорхой, генийн өөрчлөлтгүй хүнс өгөх тухай, нэн яаралтай сургуулийн орчинд ундны цэвэр усаар хангадаг болох тухай хууль, журмыг санаачлан, өргөн барьж, сургалт судалгааны байгууллага, хүнс үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллана.
Иргэд сонгогчиддоо амлаж хэлсэнчлэн “Соён гэгээрлийг Сонгинохайрхан дүүрэг”-ээсээ эхлүүлэх ажлууд, мөн ээж байх боловсролыг дээшлүүлэх үе шаттай ажлуудаа төлөвлөж амжлаа.
Монголын үрс олон болж, Монгол улс минь энх орших болтугай! гэжээ.