Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одон гардууллаа. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар энэ жил Сонгинохайрхан дүүргээс нийт 1,071 ээжид, үүнээс “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 64, “Эхийн алдар” Хоёрдугаар зэргийн одонг 1,007 ээжид тус тус хүртээв.

Эдгээр ээжүүдийн дотор УИХ-ын гишүүн Пүрэв-Очирын Анужин, “Эхийн алдар” Хоёрдугаар зэргийн одонгоо энэ жил зэрэг гардан авахаар болсон эгч дүүс, 30 дугаар хорооны иргэд Пушкины Дунжидмаа, Пушкины Дунчимэг, Пушкины Дунцэцэг нар, мөн Нэгдүгээр зэргийн одонгоо авч буй 34 дүгээр хорооны иргэн, 71 настай Шаравын Нэргүй байгаа юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ОДОН ГАРДУУЛСНЫХАА ДАРАА БАЯР ХҮРГЭЖ:

“Эрхэм хүндэт эхчүүд ээ, асралт ээж нар аа

Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлж, үндэстний ирээдүй, аз жаргал, гэрэл гэгээ болсон энхрий үрсийг эрүүл саруул, хайр халамж дүүрэн өсгөн торниулж байгаад тань халуун талархал илэрхийлье.

Үндэстэн бүр, улс гүрэн болгон ирээдүй хойчоо өсгөх, төлөвшүүлэн бойжуулахад онцгой анхаарал тавьж, төрийн бодлогыг хэрэгжүүлдэг. Эртнээс цөөн хүн амтай явж ирсэн Монгол Улс социализмын үед хүн амаа өсгөх бодлого хэрэгжүүлж, “Эхийн алдар” одонг бий болгосон. Энэ бол сайн жишиг, уламжлал учраас өнөөдөр монголын төр үргэлжлүүлэн авч яваа юм.

Ээж бүхэн хүүхдүүддээ хамгийн дотно, барагдашгүй хайр энэрлийн эх ундарга, гэрэл гэгээ нь болдог. Тийм болохоор монголын төр эхчүүддээ, хорвоогийн сайхан ээжүүддээ жилд ганц удаа талархал илэрхийлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эхийн алдар” одонг хүртээж, хүндэтгэл үзүүлдэг юм.  Энэ жил дэлхий дахинд тархсан коронавируст цар тахлын улмаас Хүүхдийн баяраар “Эхийн алдар” одонг гардуулдаг эрхэм уламжлалыг хойшлуулсан ч хэдхэн хоногийн өмнөөс орон нутаг, дүүргүүдээр энэ ажлыг зохион байгуулж, одонг нь гардуулж байна. Хүн амын тоогоор улсдаа тэргүүлдэг Сонгинохайрхан дүүргээс энэ жил хамгийн олон буюу 1,071 ээж “Эхийн алдар” одон хүртэж байна. Үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 64, Хоёрдугаар зэргийн одонг 1,007 ээжид хүртээж байгаа.

Мянга гаруй ээжийн дундаас 10 дугаар хорооны иргэн Шаравын Нэргүй гуай “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонгоо авч чадаагүй явсныг өнөөдөр олгож байна. 71 нас сүүдрийг зооглож яваа бууралдаа аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Мөн өнөөдөр хамтдаа одонгоо гардаж баяр хөөр болж байгаа эгч дүүс, 30 дугаар хорооны иргэд Пушкины Дунжидмаа, Пушкины Дунчимэг, Пушкины Дунцэцэг нарт талархал илэрхийлж, сайн сайхныг ерөөе.

Монголын төр нийгмийн хамгийн үнэт баялаг болох хүүхдийг эрүүл аюулгүй орчинд өсгөн бойжуулах, сурган хүмүүжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч, тодорхой бодлогыг хэрэгжүүлэх замаар эхчүүдийг дэмжих, ирээдүй хойчоо хамгаалах ёстойг мартаж болохгүй. Төр энэ үүргээ биелүүлэхэд чиглэгдсэн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх чиглэлээр миний бие тодорхой ажлуудыг санаачилсан, цаашид ч шахаж шаардаж ажиллах болно.

Өнөөдөр одонгоо гардан авч байгаа, үр хүүхдүүдийнхээ нар нь болж гийсэн, монголын сайхан ээжүүд Та бүхэндээ монгол төрийн нэрийн өмнөөс болон хувиасаа дахин халуун талархал илэрхийлье.

Мөнх тэнгэрийн хүчин дор эх, үрс бүр тэнүүн жаргалтай, амар амгалан аж төрөх болтугай.

Баярлалаа” гэв.

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2020 оны тавдугаар сарын 29-ний өдөр гарсан ч дэлхий даяар тархсан коронавируст цар тахлын нөхцөл байдлын улмаас одон гардуулах үйл ажиллагааг хойшлуулаад байсан билээ.

Энэ жил “Эхийн алдар” одонг улсын хэмжээнд 10,677, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 720, Хоёрдугаар зэргийн одонг 9,957 ээжид хүртээх бөгөөд орон даяар “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга засаг, захиргааны нэгжийн түвшинд үе шаттайгаар гардуулахаар болсон юм.

Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Дорноговь, Өмнөговь, Дундговь аймаг болон нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн ээжүүдийн “Эхийн алдар” одонг биечлэн гардууллаа.

Түүнчлэн “Эхийн алдар” одон гардуулах ёслолын үйл ажиллагааг коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ариутгал, халдваргүйжүүлэлтийн дэглэмийн дагуу зохион байгуулж байна.

Таны сурталчилгаа