Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор, Дайчилгааны тухай хуулийн дагуу Орхон аймагт дайчилгаатай команд штабын хээрийн сургууль зохион байгуулагдлаа. Тус сургуульд дайчилгааны даалгаварт заагдсан цэргийн бэлтгэл офицер, ахлагч, түрүүч, байлдагчид болон тодорхой тооны техникүүдийг татан оролцуулж, дайчилгааны бэлтгэл үүрэгтнүүдтэй хүн нэг бүрийн бэлтгэл, салаа, салбарын жигдрэлтийн сургалт, дадлагыг төлөвлөгөөний дагуу явуулсны дараа мотобуудлагын ротын байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийг Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн хээрийн сургалтын төвд явууллаа.
Ротын байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийн үйл явц, дүнтэй танилцахаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Д.Батлут, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар тэргүүтэй албаныхан болон аймаг орон нутгийн удирдлагууд танилцаж, сургуульд амжилттай оролцсон бие бүрэлдэхүүнийг шагнаж, цэргийн бэлтгэл цол олголоо.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Та бүхэн мэдэж байгаа, УИХ-ын ээлжит бус чуулганаар 2020 оны улсын төсөвт тодотгол хийхээр хэлэлцэж байгаа хэдий ч энэ удаагийн дайчилгаатай сургуулийг Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор төлөвлөгөөний дагуу явуулсан нь уг сургуулийг зайлшгүй явуулах хэрэгцээ, шаардлага байгааг нотлон харуулсан явдал юм. Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойн босгон дээр дайчилгаатай сургуулийг амжилттай зохион байгууллаа. Дайчилгааны даалгаварт заагдсан бэлтгэл нөөцийн бие бүрэлдэхүүн, техникийг тогтоосон хугацаанд нийлүүлж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлага, хамт олон болон цэргийн бэлтгэл үүрэгтэн та бүхэнд талархаж байгаагаа илэрхийлье. Дайчилгаатай команд штабын хээрийн сургуулийг төрийн захиргаагаар хангаж ажилласан Батлан хамгаалах яам, мэргэжлийн удирдлагаар хангаж, удирдан явуулсан ЗХЖШ болон сургуульд амжилттай оролцсон Зэвсэгт хүчний 186 дугаар анги, Орхон аймгийн ЗДТГ, Цэргийн штабын бүрэлдэхүүн, цэргийн бэлтгэл үүрэгтнүүдэд албаны өндөр амжилт хүсье" гэв.
Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр "Энэхүү сургуулиар эх орныхоо тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг хэрэгцээтэй цагт сахин хамгаалах цэргийн бэлтгэл үүрэгтнүүдээ тодотгож, сурган дадлагажуулж, жигдрүүлээд зогсохгүй зэвсэг, техник эзэмших ур чадварыг нь нэмэгдүүллээ. Тус сургуульд оролцсон цэргийн бэлтгэл үүрэгтнүүдээр дамжуулан дан ганц Орхон аймаг бус бусад аймаг, нийслэлийн иргэд, хүүхдүүдийг цэрэг эх оронч үзэл хүмүүжлээр сурган хүмүүжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. УИХ, Засгийн газраас Батлан хамгаалах салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх асуудалд анхаарал хандуулан ажиллаж байгаа. Орон нутгийн хамгаалалтад тулгуурласан батлан хамгаалах нэгдмэл тогтолцоо, мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг бэхжүүлэх, орон нутгийн цэрэг, орон нутгийн томилгоот нэгжийн үйл ажиллагааг жигдрүүлэхэд төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн бүх шатны Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас анхаарал хандуулж ажиллах нь чухал байна гэдгийг онцлон тэмдэглэе. Сургуулийг зохион байгуулахад оролцсон бүх аж ахуй нэгж байгууллагуудын удирдлага, ажилтан албан хаагчдад талархсанаа илэрхийлье" гэсэн юм.
Эх орондоо өргөсөн эр цэргийн тангарагтаа үнэнч байж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэн энэ удаагийн дайчилгаатай команд штабын хээрийн сургуульд оролцсон Орхон аймгийн цэргийн бэлтгэл үүрэгтнүүдийн идэвх чармайлт, хичээл зүтгэлийг хүрэлцэн ирсэн хүндэт зочид өндрөөр үнэлж буйгаа энэ үеэр мөн онцолж байсан юм.