Эрүүл мэндийн салбарын тогтолцоог шинэчлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрөлийг сааруулах зорилгоор Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан энэ сарын 26-аас эхлэн хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн хөгжлийн төлөвлөгөө болон тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэх хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байна. Уулзалтанд ЭМЯ-ны харьяа газар, хэлтсийн удирдлага болон мэргэжилтнүүд, Нийслэл, дүүргийн эмнэлгийн удирдлагууд оролцож байна.
Өнөөдрийн уулзалтаар Улсын Хоёрдугаар Төв эмнэлгийн хөгжлийн хөтөлбөр болон тулгамдаж буй асуудлуудыг УХТЭ-ийн Ерөнхий захирал С.Энхболд танилцуулж, холбогдох албаныхантай хэлэлцлээ.
Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлэхдээ “Хоёдугаар эмнэлгийн хөгжлийн хөтөлбөрийг бид бүхэн сонсч, санал бодлоо солилцлоо. Эрүүл мэндийн салбарт шийдвэрлэх гол асуудлуудын нэг нь эмнэлгийн тусламж, үйлчилгээний төвлөрөлийг сааруулах. Тиймээс ЭМЯ-аас өвчлөл өндөртэй хавдрын оношилгоо, эмчилгээг бусад томоохон эмнэлгүүдэд болон орон нутагт нэвтрүүлэх зорилт тавьсан. Энэ хүрээнд Улсын Хоёрдугаар Төв эмнэлэгт дүрс оношилгооны хосолмол технологи болох ПЭТ-КТ-ийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэхүү технологи нь хорт хавдар, зүрх судас, мэдрэлийн эмгэгийн оношилгоонд өргөн ашиглагддаг. Бид энэ технологийг нэвтрүүлснээр хавдарыг эсийн түвшинд оношилж, өвчтөн хавдрын дараа үсэрхийлж байна уу, үгүй юу гэдгийг оношлохоос гадна ард иргэдэд эдийн засгийн асар их хэмнэлтийг үзүүлэх юм. Нөгөөтэйгүүр ХСҮТ-ийн төвлөрөлийг сааруулах, ачааллыг хуваалцах ач холбогдолтой. Хүний нөөцийн хувьд ч нэг дороо бөөгнөрөөд байхгүй, салбар дотроо өрсөлдөөд байлгүй, жигд хүртээмжтэй ард иргэддээ үйлчлэх нөхцөл бүрдэх ёстой. Түүнчлэн яамнаас бодлогоор нийгмийн эрүүл мэндийг сайжруулах буюу урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт нэлээн анхаарч ажиллаж байгаа. Үүнийг бид зөв системтэй ажил болгож чадвал яваандаа эмнэлэгт хэвтэх өвчтний тоо буурах учиртай. Юуны өмнө бид ард, иргэддээ эрүүл байх боломжийг нь бүрдүүлж өгөх ёстой. Эрүүл мэндийн салбарт өнгөрсөн хугацаанд их хэмжээний хөрөнгө оруулалт, санхүүжилт хийгдсэн боловч тэр хэмжээгээр үр дүн гараад өөрчлөгдсөн нь ховор байна. Тиймээс ЭМЯ-аас бүх тулгамдаж буй асуудлуудыг эрэмблэн шийдвэрлэж, төсвийн зарцуулалтаа зөв зохион байгуулна. Эхний ээлжинд төвлөрөлийг сааруулахад УНТЭ, УХТЭ, УГТЭ, АШУИС-ийн харьяа эмнэлэг, Сонгинохайрхан дүүргийн шинээр ашиглалтад орж буй нэгдсэн эмнэлгүүдэд тусламж, үйлчилгээний төрлийг нэмэгдүүлж, төвлөрөлийг сааруулах ажлууд хийгдэнэ. Тухайлбал УНТЭ дээр л ганц бөөр үзэх биш УГТЭ-т давхар нэвтрүүлэх, ХСҮТ дээр зөвхөн оношлуулах биш УХТЭ-т давхар оношилж, үйлчлэх, УГТЭ-т ганц зүрх, мэдрэл үзүүлэх гэлтгүй УНТЭ, бусад эмнэлгүүдэд мөн үзүүлж, эмчлүүлэх юм” гэлээ.
Уулзалтын үеэр ЭМЯ болон харьяа агентлагийн удирдлагууд УХТЭ-ийн хөгжлийн хөтөлбөртэй холбоотой асуулт асууж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд эмнэлэг хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, мэдээллийг цаг алдалгүй солилцох талаар хэлэлцлээ. Салбарын асуудлыг шийдэх хамтарсан цуврал уулзалт маргааш ЭХЭҮТ-ийн хөгжлийн хөтөлбөр, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэхээр үргэлжлэх юм.