Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.08.28/ коронавирусний цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ : "2020 оны 8 сарын 27-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, Дархан-Уул аймаг дахь вирус судлалын салбар лабораторид нийтдээ 471 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй байна.
Үүнд :
8 сарын 27-нд Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн 259 хүн
Алтанбулагийн боомтоор ирсэн ачаа тээврийн 19 жолооч
Гадаад улс руу явах хүсэлт гаргасан 13 хүн
Тусгаарлан ажиглах байранд ажиллаж буй 19 эмч, ажилтан
Тандалтын зорилгоор цуглуулсан 5 хүний шинжилгээ / УГТЭ, УНТЭ, Замын -Үүд сумын нэгдсэн эмнэлэг /
Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 68 хүний давтан шинжилгээ
Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 64 хүний давтан шинжилгээ /8 сарын 10,11,12 ирсэн хүмүүс /
ХӨСҮТ-д тусгаарлагдсан 1 хүний давтан шинжилгээ
Сувиллын ажиглалтад байгаа 14 хүний давтан шинжилгээ
Тусгаарлан ажиглах байранд байгаа 9 хүний давтан шинжилгээнд тус тус коронавирус илрээгүй.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн коронавирусний халдварын тохиолдол 301. Үүнээс 291 хүн буюу нийт өвчилсөн тохиолдлын 96.6 хувь нь эдгэрсэн. Эдгэрсэн хүмүүсээс сувиллын ажиглалтад 33, гэрийн ажиглалтад 35, тандалт, судалгаа, ажиглалт дууссан 223 хүн байна.
ХӨСҮТ-д эмчлэгдэж буй 10 хүний 9-ийнх нь биеийн байдал хөнгөн, нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна.
Нийт 32 хүн ХӨСҮТ-д ажиглалт, тандалт, эмчилгээнд байна" гэлээ.