Өнөөдөр буюу 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 12:00-15:00 цагийн хооронд УДЭТ-ийн өмнөх талбайд Чингис хааны өв, соёлын хүрээлэн, ШУА-ийн Археологийн хүрээлэн, Соёлын өвийн үндэсний төвийн судлаачид хамтран Чингис хаан музей, дундад зууны үеийн археологийн чухал олдворуудыг танилцуулна.
Соёлын өвийг нээлттэй танилцуулах тус үйл ажиллагааг Монгол Улсын Соёлын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй “Соёлын цаг” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд Соёлын дэд сайд М.Батбаяр, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, доктор Г.Эрэгзэн нар нээж оролцоно. Мөн доктор, дэд профессор Б.Цогтбаатар “Түүх соёлын хосгүй өв-Рашаан хадны дурсгал” сэдвээр, доктор, дэд профессор Э.Пүрэвжав “Монголын нууц товчооны Монгол хөрвүүлэг, гадаад орчуулгын тухай”, доктор, профессор Ж.Базарсүрэн “Их Монгол улсын цэрэг”, доктор Д.Болдхуяг “Дундад зууны Монголчуудын хот суурин”, доктор С.Хүрэлсүх “Нүүдэлчдийн өвөрмөц оршуулгын дурсгал XIII-XIV зуун” сэдвээр тус тус танилцуулга мэдээлэл хийнэ.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 142 дугаар тогтоолоор байгуулагдсан Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн үйл ажиллагаа, Чингис хаан музейн бүтээн байгуулалтын үйл явц, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн сан хөмрөг дэх дундад зууны үеийн археологийн чухал олдворуудаар бэсрэг үзэсгэлэн гаргаж, тайлбар танилцуулга хийх юм байна.