Цаг үеийн мэдээ

Монгол Улсын ерөнхийлөгчийн ‘Номын баярын өдөр” тэмдэглэх тухай 2012 оны 158 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Соёлын сайдын ивээл дор “Номын баяр 2020” арга хэмжээг 09 дүгээр сарын 19-нөөс 10 дугаар сарын 4-ний өдрүүдэд “Хязгаар үгүй-НОМ-сэтгэлгээний эрх чөлөө” уриан дор зохион байгуулах гэж байна.

Ерөнхий зохион байгуулагчаар Соёлын яам, ЗГХА, Соёл Урлагийн Газар, НСУГ, аймаг, нийслэлийн Засаг дарга нарын дэмжлэгтэй, хамтран зохион байгуулагчаар, Монгол улсын Үндэсний болон хотын төв номын сан, Монголын Зохиолчдын Эвлэл, Хүүхдийн төв номын сан, их дээд болон ерөнхий боловсрол,  сургуулийн өмнөх боловсролын байгууллага, хэвлэлийн компаниуд мөн төрийн бус байгууллагуудын идэвх, санаачлагаар хамтран улс, орон даяар “Номын баяр 2020”-ыг тэмдэглэн өнгөрүүлнэ. Номын баярын өдрийн нээлтийн ажиллагаа 9 дүгээр сарын 19-ний Бямба гаригт 11 цагаас Нийслэл, аймаг орон нутагт нэгэн зэрэг эхэлнэ.  

  “Номын баяр 2020”  арга хэмжээний хүрээнд ард иргэд, хүүхэд залуучуудыг номтой нөхөрлүүлэх, эерэг хандлагыг бий болгох, ном хэвлэлийн салбарын үйл ажиллагаа нийтийн уншлагыг дэмжин сурталчлах зорилгоор номын үзэсгэлэн худалдаа, “Ном бид 2” бүх нийтийн хөдөлгөөн, ном солилцоо,  зохиолч уншигчдын уулзалт, сургалт лекц, хүүхдэд зориулсан хөтөлбөр, шинэ номын танилцуулга, уран уншлага, номын баатруудын театрчилсан тоглолт, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан брайл номын үйлчилгээ, ном, хэвлэлийн салбарын өнөөгийн байдал, ирээдүйн хөгжлийн асуудлаар болон утга зохиол, шүүмж судлалыг хөгжүүлэх чиглэлээр Монголын зохиолчдын эвлэлтэй хамтран нэвтрүүлэг, хэлэлцүүлэг зэрэг олон талт үйл ажиллагаанууд явагдана.  

Энэ жилийн номын баярын онцлог нь бүх нийтийн ном уншлагыг  идэвхжүүлэх зорилгоор “Ном бид-2”  ном уншлагын нийтийн хөдөлгөөнийг “Уншигчийн сэтгэгдэл”, “Гэр бүл-ном”, “Багшийн эрдэм шавьд”, “Зохиолчийн хүүрнэл” зэрэг төрлөөр сонирхолтой уралдаануудыг цахим орчинд өрнүүлнэ.

Мөн Улсын болон орон нутгийн онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас гаргасан коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын тархалтаас сэргийлэх шийдвэр, журам, зөвлөмжийн дагуу хүмүүсийг нэг дор олноор төвлөрөл үүсгэхгүй байх, иргэдэд ном, хэвлэлийн худалдаа үйлчилгээг ойртуулах зорилгоор нийслэлийн 9 дүүрэгт номын үзэсгэлэн, худалдаа болон бусад үйл ажиллагааг “Номын баяр-2020”-ын баярын хүрээнд “Танай дүүрэгт-Таны дэргэд” уриан дор тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулах юм. 

Иймд номын баярын өдөр бүх нийтээр ном эрдмийг сурталчлах, номын өв санг арвижуулах, хүүхэд залуучуудын сурах эрмэлзэлд дэмжлэг үзүүлэн ажиллахыг Монгол Улсын нийт ард иргэд, эцэг эх, багш, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжид уриалж байна.

Таны сурталчилгаа