Цаг үеийн мэдээ

Зонхилох арван хорт хавдрын тоонд бүдүүн шулуун гэдэсний хорт хавдар 6 дугаар байрт буюу 2.5 хувийг эзэлдэг. Бүдүүн шулуун гэдэсний хорт хавдар сүүлийн үеийн тоон баримтаас харахад 3 дахин өссөн үзүүлэлтэй байна. Уг хавдар нь анх гэдэсний дотор давхаргаас ургацаг байдлаар үүсч, улмаар оношилж эмчлээгүйгээс инвазив буюу хортой хавдарт шилжинэ. 

Энэ удаагийн зочноор ХСҮТ –ийн Ерөний мэс заслын тасгийн их эмч Б.Түвшинг урьж бүдүүн шулуун гэдэсний хавдар, түүнээс урьдчилан сэргийлэх сэдвээр ярилцлаа.  

Зө.мн: Хүн амын дунд сүүлийн үед бүдүүн шулуун гэдэсний өвчлөл ихэсч байна гэсэн мэдээлэл бий. Энэ нь юутай холбоотой вэ?

Б.Т:  Бүдүүн, шулуун гэдэсний хавдрын өвчлөл манай улсад ихэсч байна. Энэ нь монголчуудын дундаж наслалт 20 жилийнхээс нэмэгдсэн. Хүн өндөр наслах тусам бүдүүн, шулуун гэдэсний хавдарт өртөмтгий байх магадлал ихэсч байна гэсэн үг. Тиймээс ирэх жилүүдэд ч гэсэн ихсэх магадлал өндөр байна. 

Аливаа хавдар үүсэх шалтгаан олон байдаг. Тухайлбал, удамшлын, хоол унд, байгаль орчны бохирдолтой холбоотой байна.  Харин бүдүүн, шулуун гэдэсний хувьд үүсч байгаа шалтгаан нь мэдээж хоол боловсруулах систем учраас хоолтой холбохоос өөр аргагүй. Хоёр дахь шалтгаан нь удамшлын шинж, гуравдугаарт, хавдрын урьтал өвчнүүд буюу эсийн замбараагүй ургалт. Үүнийг дурангийн аргаар мэдээд дурангаар мэс засал хийж авах нь урьдчилан сэргийлж байгаа хамгийн том чухал асуудал юм. 

 ЖИМС НОГОО, ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН, ЭРҮҮЛ ХООЛОЛТ ТАНЫГ ХАМГААЛНА

Зө.мн: Бүдүүн шулуун гэдэсний хавдрын эрсдэл бидний идэж ууж буй хоол унднаас шалтгаалж буй бол бид ямар хүнснээс аль болох татгалзах хэрэгтэй вэ?

Б.Т: Ялангуяа өөх тостой хоол их хэрэглэдэг, жимс ногоо бага иддэг хүмүүс бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдраар өвдөх эрсдэлтэй. Бэлэн бүтээгдэхүүн болох хиам, утсан мах, консервлосон бүтээгдэхүүн байнга хэрэглэхэд эрсдэл үүснэ. Мөн илүүдэл жинтэй, хэт тарган хүмүүс бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдраар өвдөх нь элбэг байдаг. Монголчууд хүнсний дийлэнх хувийг мах гурил эзэлдэг ч тэр хүнсний тал хувийг жимс жимсгэнэ хүнсний ногоо эзэлж байх ёстой. Амьдралын хорт зуршил архи тамхины хэт их хэрэглээ ч энэ өвчний нэг шалтгаан болно.

     

ЯМАРЧ ХАВДАР ЭХЭН ҮЕДЭЭ ӨВДӨЛТ ӨГДӨГГҮЙ

Зө.мн: Энэ өвчний илрэх шинж тэмдэг тухайн хүнд өөрт  нь анзаарагдах уу? 

Б.Т:Бүдүүн, шулуун гэдэсний хавдрын эрт үедээ бараг шинж тэмдэг илэрдэггүй. Тиймээс урьдчилан сэргийлэх дурангийн шинжилгээ хийлгэх нь чухал. Мөн өтгөн дэх далд цус үзэх шинжилгээнүүд байдаг. Тухайлбал, өтгөн өөрчлөгдөх, өтгөн цустай, хар гарах, нарийсч гарах, олон удаа хий гарах, гэдэс базлах, эсвэл гэдэс дүүрэх, шалтгаангүй жин буурах, байнга ядрах, бөөлжих, огиудас хүрдэг.

Энэ шинж тэмдгүүд зөвхөн хавдраас шалтгаалан илэрдэггүй. Бусад өвчний үед илэрч болно. Хавдар эхэн үедээ өвдөлт өгдөггүйг санах нь чухал. Тиймээс эдгээр шинж тэмдэг илэрсэн хүн бүр эмчид үзүүлж, оношлуулан эмчлүүлэх хэрэгтэй. Мөн хамгийн түрүүнд цусны шинжилгээ өгөхөд цус багадалтын шинж илэрдэг.

 

    

Тиймээс цус багадалттай үед цусны шинжилгээ өгөөд гемолибины хэмжээ бага бол хамгийн түрүүнд бүдүүн, шулуун гэдсээ дурандуулах ёстой юм байна гэж ойлгох хэрэгтэй. 

Зө.мн: Настай хүмүүс энэ өвчинд өвчлөх магадлал өндөр гэж байна. Тэгэхээр энэ өвчний урьдчилан сэргийлэх үзлэгийн давтамж ямар байдаг вэ? 

 Б.Т:Бүдүүн шулуун гэдэсний  хавдраас сэргийлэхийн тулд 50-аас дээш насны хүмүүс шулуун гэдсээ таван жилд нэг удаа дурандуулах, хоёр жилд нэг өтгөний шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Өвдөөд эдгэсэн хүн хоёр дахь удаагаа дахин өвдөж болно. Мөн өндгөвч, умайн хүзүүний эсвэл хөхний хорт хавдартай эмэгтэйчүүд ямар нэг байдлаар бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдраар өвдөх эрсдэл их байна.

Зө.мн:  Өвчний үед ямар эмчилгээ санал болгодог вэ? 

Б.Т: Бүдүүн шулуун гэдэсний хавдрын эмчилгээг үе шатаас нь хамааран эмчлэнэ.  Компьютер томографи шинжилгээг элэг болон уушгинд хавдрын үсэрхийлэл буй эсэхийг тогтооход хэрэглэдэг. Өвчний явцад цусны шинжилгээгээр хавдрыг маркер СЕА (carcinoembryonic antigen) ихсэж буй эсэхийг хянана. Гэдэсний хавдрын үед ихэвчлэн гэдэс тайрах, орчных нь тунгалгын булчирхайг авах мэс засал хийгддэг. Хэрэв хавдар үсэрхийлсэн бол хими эмчилгээ мөн хийнэ.

 Зө.мн:   Танд баярлалаа

Таны сурталчилгаа