Цаг үеийн мэдээ

Улаанбаатар хотын гэр хорооллын айлуудын орон сууц ихэвчлэн барилгын стандарт, норм дүрмээсээ 2-5 дахин бага дулаалгатай буюу дулааны алдагдал ихтэй байдаг аж. Тиймээс нүүрс түлшний хэрэглээ буюу эрчим хүчний зардал өндөр гардаг байна. 

Тэгвэл Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, МБХ, ТоС холбоо хамтран "Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцыг санхүүжүүлэх туршилтын төсөл"-ийн хүрээнд барилгын норм дүрмээс 20 хувь болон түүнээс илүү өндөр эрчим хүчний хэмнэлттэй, дэд бүтцийн шийдэлтэй байшинг хөнгөлттэй зээлээр авах боломжийг олгохоор болжээ. 

Гэр хорооллын иргэд зураг төсөл нь бэлэн 60м2 хүртэл талбайтай, 70 хүртэлх сая төгрөгийн өртөгтэй 13 загвар сууцаас сонголтоо хийж, улмаар банк болон гүйцэтгэгч барилгын компанитай гэрээ байгуулан, бариулах тохиолдолд сууцны үнийн дүнгийн 30 хувьд буцалтгүй дэмжлэг үзүүлэхээс гадна банкны 8-12 хувийн бага хүүтэй,  15 жилийн урт хугацаатай зээлд хамрагдах боломжтой юм. Энэхүү туршилтын төслийн хүрээнд дээд тал нь 40 өрхөд хөнгөлөлт үзүүлэх юм байна. 

Ямар шалгуураар тус төсөлд хамрагдах вэ?

-Гэр хороололд байнга оршин суудаг, газраа өмчилсөн эсвэл зээл авах хугацаанд эзэмших эрхтэй байх

- Байшингийн үнийн 10 хувьтай тэнцэх урьдчилгаа төлбөрийг гаргах чадвартай байх

- Орон сууцны бусад төслүүдэд хамрагдаагүй байх 

гэсэн шаардлагыг хангаснаар уг төсөл хамрагдах боломжтой юм. 

Энэхүү төсөл хэрэгжсэнээр хөрсний бохирдол арилж, агаар дуслын өвчин багасах, байгальд олон төрлийн ач тустай гэдгийг онцоллоо.

Таны сурталчилгаа