Цаг үеийн мэдээ

Ковид-19 цар тахалтай холбоотойгоор улс хоорондын хил хязгаар хаагдахад тус улсын дотоодын нийт борлуулалт 12.2% -иар буурчээ. 1987 оноос хойш Шинэ Зеланд улсын эдийн засаг ийнхүү хямралд өртөөгүй аж.

Тус улсын хувьд таван сая гаруй хүн амтай бөгөөд улсын хэмжээнд цар тахлын 1800 тохиолдол илэрч 25 хүн нас барсан байна.

NZ-ийн хэвлэлийн төлөөлөгч Пол Паско “Ковид-19 цар тахалтай холбоотойгоор улс бүр тус тусын арга хэмжээг авч, улс хоорондын хилүүд хаагдсан. Энэ нь манай улсын эдийн засгийн хямралд нөлөөлсөн гол хүчин зүйл мөн. Худалдаа наймаа, үйлчилгээний байгууллагууд, тээврийн салбар, аялал жуулчлалын хориг гэх мэт олон хүчин зүйлсээс болж дэлхий даяар эдийн засгийн хямралд өртөөд байгаа юм” гэж мэдээлжээ. 

Вестпакийн ахлах эдийн засагч Майкл Гордон "Бид ирэх он гэхэд эдийн засгийн дээд амжилт тогтооно гэж найдаж байна" гэж мэдэгдсэн байна.

Сангийн сайд Грант Робертсон “Дотоодын нийт борлуулалт бодож байснаас асар муу байлаа. Бид цар тахалтай хатуу тэмцэж, хараа хяналтаа сулруулахгүй байх нь эргээд эдийн засгийг сэргээхэд хамгийн чухал” гэдгийг онцолсон юм.

Гэвч Шинэ Зеланд улс гадаадын улс орнуудад их хэмжээний өртэй учраас тийм ч хурдан эдийн засгийн сэргэлт хийж чадахгүй гэж зарим эдийн засагч нар хэллээ.

Эх сурвалж: BBC.COM

 

 

 

Таны сурталчилгаа