Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нар эрүүл мэндийн салбарт 2020-2024 онд баримтлах бодлого чиглэл, хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон салбарын шинэчлэлийн хүрээнд хийж эхлүүлсэн ажилтай биечлэн танилцжээ.
Монгол Улсын Ерөнхий сайд эхэлж “1800-0119” дуудлагын төвийн үйл ажиллагаатай танилцсан юм. Олон цагаар оочир, бухимдалыг арилгах чиглэлээр Эрүүл мэндийн сайд санаачлан “1800-0119” дуудлагын төв буюу цаг бүртгэлийн нэгдсэн системийг ашиглалтад оруулаад байгаа аж.
Тус төв энэ сарын нэгнээс туршилтаар ажиллаж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар иргэдээс нийт 8000 гаруй дуудлага хүлээн авч нийт иргэдийн 90.6 хувь нь шаардлагатай үйлчилгээгээ авч чадсан байна.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх:
“Монгол улсын засгийн газар Ковид-19-ийн нөхцөл байдлыг тооцоолсны үндсэн дээр дэглэм, хорионы өөрчлөлтийг хийсэн. Иймд ард иргэд, эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн бүгд сонор сэрэмжтэй байж бэлэн байдлыг хангаж ажиллах шаардлагатай гэдгийг уулзалтын эхэнд тэмдэглэн хэлсэн. Хүн амыг өвдсөнийх нь дараа биш өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх ажилд эрүүл мэндийн салбарын ажилтан та бүхэн манлайлж оролцох хэрэгтэй. Үүний тулд ард иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх ажил чухал. Монгол хүнийг эх орондоо оношлуулж эмчлүүлэх боломжоор хангах чиглэлд эмчилгээ оношлогооны шинэ технологи нэвтрүүлэх хэрэгтэй. Дан ганц тоног төхөөрөмжөөр хангах бус чадварлаг эмч, эмнэлгийн ажилтнуудыг бэлтгэх, тэдний чадавхыг тасралтгүй сайжруулах тогтолцоог бий болгох зайлшгүй шаардлагатай байна. Өрх, баг, сумын эмч нарын нийгмийн асуудалд онцгойлон анхаарч эрүүл мэндийн тусламж үйлчилгээг анхан шатанд нь сайжруулах чиглэлээр анхаарч ажиллах хэрэгтэй” гэж онцоллоо.