Чингис хааны залгамжлагч алтан ургийн суут хаан Хубилай сэцэн хааны мэндэлсний 805 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан "ХУБИЛАЙ ХААН БА МОНГОЛ ЖАНЖИД" тусгай үзэсгэлэн өнөөдөр /2020.09.23/ Монголын Үндэсний музейд нээлтээ хийлээ.
Нээлтийн ёслолд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор оролцож, мялаалгын үг хэлсэн юм.
Хубилай сэцэн хаан IV жарны хөхөгчин гахай жилийн намрын эхэн сарын 15-ны хөхөгчин туулай өдөр Хэрлэнгийн ордноо Толуйн их хатан Сорхугтани бэхигээс мэндэлсэн билээ. Хубилай хаан эзэн Чингис хааны дараах Монголын хаадын алдар сууг манлайлан дэлхийн түүхэнд тодооор бичигдсэн хаан билээ.
Энэхүү үзэсгэлэнд Хубилай хаан, Монголын эзэнт гүрний үеийн түүхэн хүмүүс, баатруудын дүр төрхийг сэргээн урласан сонирхолтой лаан баримлууд, Монголын Үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдаж буй Юань гүрний үед холбогдох үнэт үзмэрүүдээс дээжлэн толилуулж байна.
Лаан баримал нь түүхэн бодит хүмүүсийн дүр төрх, нүүр царай, бие бялдрын онцлогийг шингээн бүтээдэг дүрслэх урлагийн өвөрмөц төрөл билээ. Эдгээр лаан баримлууд нь Монгол гүрний үеийн түүхэн хүмүүсийн дүр төрх, хувцас, засал чимгийг сэргээн бүтээснээрээ хүүхэд залууст танин мэдэхүйн чухал ач холбогдолтой төдийгүй түүхэн агшинг өнөө цагт амилуулсан мэт бодит мэдрэмжийг төрүүлэхүйц сонирхолтой хэлбэрээр дэглэснээрээ онцлог юм.
Түүхэн хүмүүсийг сэргээн амилуулсан уран бүтээлчийн бүтээл, түүхийн биет дурсгалуудыг нэгэн дороос үзэх таатай боломжийг олгож буй энэ үзэсгэлэнг Монголын Үндэсний музей, "Мөнх тэнгэрийн цаг" ТББ, "Чингис хааны лаан баримлын музей" хамтран зохион байгуулж байна.
Үзэсгэлэн 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэл олон нийтэд нээлттэй ажиллах юм.