Үзэсгэлэнд Дани Улсын Үндэсний музейн сан хөмрөг дэх 1910-аад онд телефон утасны шугам засварын ажлаар Монголд ажиллаж байсан Албертсены гэрэл зургаас гадна 1920-иод онд одоогийн Хөвсгөл аймагт амьдарч байсан даничуудын гэрэл зураг, тэмдэглэлийг дэлгэжээ.
Үзэсгэлэнг нээж Соёлын сайд С.Чулуун хэлсэн үгэндээ “Энэ үзэсгэлэнг Архивын үндэсний газар, Улаанбаатар хотын музей, Олон Улсын Монгол Судлалын Хорооноос хамтран олны хүртээл болгож байна. “Монгол орон, Монголчууд” цувралын зургаа дахь ботийг хэвлэн нийтлүүлээд байгаа бөгөөд үргэлжлүүлэн дөрвөн боть хэвлэнэ. Эдгээр гэрэл зургийн 75 хувь өмнө нь хэвлэгдэж байгаагүй бөгөөд 100 хувь эх хуулбарыг дэлгэн харуулснаараа онцлог юм.
Монголын ХХ зууны эхэн үеийн амьдрал ахуйг харуулсан сонирхолтой гэрэл зургуудыг дэлгэлээ. Энэ удаагийн үзэсгэлэнгийн дараа Английн дөрвөн жуулчны гэрэл зургийн цуглуулгааар үзэсгэлэн дэлгэх болно. Ирэх жил Япон Улсад Монголд зорчсон дэлхийн 20 орчим улсын гадаад жуулчны гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгуулахаар төлөвлөсөн. Бидний тооцоогоор өнгөрсөн хугацаанд Монгол орноор аялсан 300 гаруй жуулчны 179 нь гэрэл зураг авсан байдаг. Тиймээс эдгээр жуулчдын хувийн цуглуулгаас цахим архив үүсгэх боломжтой” гэлээ.