Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Азийн Хөгжлийн банк болон Европын Хөрөнгө Оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Төсөл гурван үе шаттайгаар зургаан шинэ дэд төвийн байр суурь инженерийн дэд бүтэц болон нийгмийн барилга байгууламжуудын ажлуудыг нийт есөн жилийн хугацаанд барьж байгуулах юм. Төслийн нэгдүгээр шатны хүрээнд нийслэлийн хойд бүсийн гэр хорооллыг Баянхошуу, Сэлбэ дэд төв болгон хэсэгчлэн хөгжүүлэх ажлын явц 82 хувьтай, төслийн хоёр дахь үе шатанд Дэнжийн мянга, Дамбадаржаа дэд төвүүд 24.47 хувьтай үргэлжилж байна.
Тэгвэл өнөөдөр төслийн гурав дахь үе шат болох Толгойт дэд төвийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ. Энэхүү арга хэмжээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Р.Дагва, НИТХ-ын төлөөлөгч Ц.Төрхүү, “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжлүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн ерөнхий зохицуулагч Д.Авирмэд болон бусад холбогдох албаны хүмүүс, дүүргийн иргэд оролцов.
“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжлүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн ерөнхий зохицуулагч Д.Авирмэд “Өнөөдрөөс Толгойт дэд төвийн бүтээн байгуулалтын ажлууд эхэлж байна. Бид хоёр жилийн хугацаанд зураг төслийн хийсэн. Одоо энэ бидний зогсож байгаа газарт Бизнес инкубатор төв баригдана. Үерийн далангийн ажлуудын зураг бүгд бэлэн болсон. Мөн нийгмийн барилга байгууламжийн ажлууд энд хийгдэхээр төлөвлөгдсөн” гэлээ.
Толгойт дэд төв нь Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 20, 22, 34 болон 35 дугаар хороодын нийт 153.4 га газар нутаг хамарч байгаа бөгөөд дэд төвд:
26 км Цэвэр усны шугам
6 км Ариутгах татуургын шугам
78 км Дулаан хангамжийн шугам сүлжээ
14 км урт Цахилгаан холбооны шугам сүлжээ
69 км Авто зам
74 га газарт Цэцэрлэгт хүрээлэн
240 хүүхдийн цэцэрлэг
Олон нийтийн хөгжлийн төв
Сургалтын төв
Эрүүл мэндийн төв зэрэг инженерийн дэд бүтцийн болон нийгмийн барилга байгууламжийн бүтээн байгуулалтын ажлууд хийхээр төлөвлөгджээ.
Толгойт дэд төвд хийх бүтээн байгуулалтын ажлуудын үр дүнд энэ бүсэд байгаа цэцэрлэгийн насны нийт хүүхдүүдийн сургуулийн өмнөх боловсролд хамрагдалт нэмэгдэнэ. Мөн сургалтын төвөөр дамжуулан мэргэжил олгосноор мэргэжилтэй ажилчид нэмэгдэх бөгөөд бизнес эрхлэгчдэд үзүүлэх дэмжлэг, үйлчилгээний хүртээмж сайжирна. Түүнчлэн авто зам, дулаан хангамж, ус хангамж, цахилгаан хангамж гэх мэт инженерийн дэд бүтцийн ажлууд ашиглалтад орсноор нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг гэр хорооллын иргэдэд ойртуулах боломж бүрдэх төдийгүй иргэдийн автомашин ашиглалтын зардал буурч өрхийн амьжиргаанд эерэгээр нөлөөлөх аж.
“Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн зорилго нь цаашид тухайн дэд төвүүд барилгажих, нийгэм эдийн засгийн хувьд бие даан хөгжих, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн, инженерийн болон дэд бүтцийн хангамжийг цогцоор нь шийднэ. Энэ нь Улаанбаатар хотод анх удаа хот шинэчлэл, хот байгуулалтын хүрээнд хийж буй урт хугацааны шийдэл юм.