Хакухо аваргын 8 ханатай, бүрэн сийлбэртэй монгол гэр эх орноо сурталчлахаар Япон орныг зорих гэж байна. Одоогоор тус гэр Монголын Олимпын хорооны гадна баригдсан байгаа ба Токиогийн олимпыг угтсан арга хэмжээний дагуу Tokyo Tower-т баригдах юм.
Гэрийн тухайд: Бөртө чоно, Гоо марал нарын босгосон суурь баганан дээр Чингис хаан Нэгдсэн Монгол Улсаа байгуулсныг бэлгэдсэн сийлбэрээр тооно, баганыг урлажээ.
Их хүний түүхэн замналын эхлэлийг 8 шарга мориор дүрсэлж, их гүрэн улсаа байгуулахад үнэн шударгыг эрхэмлэгч өрлөг сайдуудыг мөн тоононд багтаасан аж.
Тоононы төвд улсын дээд захирагч Шихихутаг Их засаг хуулиа чандлан сахиулж суугаа байдлаар дүрслэгджээ. Тоононы хүрээнд хаант төрийн 9 эх бэлгэдлийг 9 эрдэнээр чимэглэн цаг хугацааны үргэлжлэл болох 12 жилээр хослуулсан байна.