Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги 2020 оны 10 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр болжээ. Айлчлалын үеэр Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай албан ёсны хэлэлцээ хийх аж.
Уулзалт, хэлэлцээний үеэр талууд Монгол, Японы Стратегийн түншлэлийг бататган бэхжүүлэх, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, хоёр талын хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэх талаар дэлгэрэнгүй ярилцах бөгөөд олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.
Япон Улсын Гадаад хэргийн сайдын энэ удаагийн айлчлал нь Монгол Улсад хийж буй 5 дахь айлчлал билээ. Өмнө нь Япон Улсын Гадаад хэргийн сайд С.Уно 1989 онд, Ё.Кавагүчи 2004 онд, К.Окада 2010 онд, Т.Коно 2019 онд тус тус Монгол Улсад айлчилсан юм.