Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Бат-Амгалан оролцож, зөвлөгөө мэдээлэл өглөө.

Вакцин тариулснаар огтхон ч ханиад хүрдэггүй гэх ойлгодог нь буруу гэдгийг онцолсон юм.

Тэрбээр “Томуу, томуу төст өвчин нь 200 гаруй төрлийн вирусээр үүсгэгддэг, агаар дуслын замаар дамжин халдварладаг халдвар юм. Томуугийн халдварыг үүсгэгч вирусийг үүсгэгчийн онцлог, хэв шинжээс хамаараад эмнэл зүйн шинж тэмдэг нь харилцан адилгүй илэрдэг.

Иргэдэд анхааруулж хэлэхэд, томуу томуу төст өвчин нь агаар дуслын замаар дамждаг учраас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Амьсгалын замын халдвараар өвчилсөн хүн гэртээ өөрийгөө тусгаарлах, халуун дулаан хоол хүнс  хэрэглэж, сайтар унтаж амран дархлаагаа дэмжих хэрэгтэй. Томуугийн ихэнх вирус нь хлорт нэгдэлд тэсвэргүй байдаг учраас иргэд гэр орондоо цэвэрлэгээ хийхдээ хлор агуулсан халдваргүйжүүлэх уусмалыг хэрэглэх шаардлагатайг сануулж байна.

Хүүхдүүд ханиад томуугаар өвдөөгүй, сүүлийн сард ямар нэг вакцин хийлгээгүй байгаа үед вакциндаа хамрагдах шаардлагатай гэдгийг онцлоё. Вакцин нь зөвхөн тухайн халдварын хүндрэлээс сэргийлж, эдгэрэлтэд сайнаар нөлөөлдөг давуу талтай. Антибиотикийг дур мэдэн хэрэглэх ёсгүй " гэв.

 

 

 

Таны сурталчилгаа