Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 10 дугаар сар 7-нд Дундговь аймагт ажиллаж, аймгийн удирдлагуудтай болон иргэдтэй уулзалт хийлээ. 

Иргэдтэй хийсэн уулзалт аймгийн Төв халхын дуулалт театрт болж, төрийн дууллаар эхлэн, иргэдийн асуулт, санал хүсэлтээр үргэлжилж, Ерөнхийлөгчийн тайлбар, танилцуулга, мэдээллээр өндөрлөсөн.

Тус уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Болд, Т.Тэгшжаргал, орон тооны бус зөвлөх П.Нүрзэд болон аймгийн удирдлагууд, иргэд оролцжээ. Аймгийн иргэд улс орны болоод орон нутгийн хэмжээнд сэтгэлээ чилээж явдаг олон асуудлаар санал бодлоо хэлж, Ерөнхийлөгчтэй ярилцан, хүсэж байсан бүхий л асуудлууддаа хариулт авлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн наймдугаар сард тус аймагт ажилласан бөгөөд энэ үеэр иргэдийн зүгээс тавьсан асуудлыг хөндөж, уулзалтын эхэнд шинээр барьж эхлээд олон жил зарцсан Төв халхын дуулалт жүжгийн театрын барилгын ажлын явцын талаар аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнээс тодруулсан.

Засаг дарга О.Бат-Эрдэнэ иргэдийнхээ өмнө хариулт өгч, дараах тайлбарыг хийсэн юм. Тэрээр “Төв халхын дуулалт жүжгийн театрын барилгын ажил 2009 онд улсын төсвийн 2,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар эхэлж, “Суурь” ХХК ажлыг гүйцэтгэн эхний ээлжинд 700,0 сая төгрөгөөр барилгын суурийг цутгаад үргэлжлүүлэн ажиллаагүй тул хөрөнгийн маргаантай байгаа.  2018 онд Монгол Улсын Ерөнхий сайдыг Дундговь аймагт ажиллах үеэр энэ асуудлыг тавьж, хөрөнгийн асуудлыг шийдэхээр болсон хэдий ч ажил гүйцэтгэгч компани ажиллаагүй, одоо гүйцэтгэгч компанийг цуцалж, дахин тендер зарлаж, өөр компани сонгох талаар хүсэлтээ тавьсан” гэлээ.

Уулзалтын төгсгөлд Ерөнхийлөгч Х.Баттулга дээрх асуудлуудын хүрээнд өөрийн санал бодлыг хэлж, эдгээр асуудлыг төрөөс хэрхэн зохицуулж, бодлогоо чиглүүлж байгаа болон цаашид ямар бодлогыг хэрэгжүүлэх талаар хүн бүрийн хэлсэн, гаргасан санал бүр дээр тогтон ярьж мэдээлэл өгсөн юм. 

 

Таны сурталчилгаа