Цаг үеийн мэдээ

Zogii.mn сайтын шинэ контент On&On үздэг сонсдог подкастын эхний дугаарт Топ модель, мисс, сургагч багш Х. Бадамгэрэл оролцлоо. Эрхэм уншигч таньд түүнтэй ярилцсан подкастыг хөрвүүлэн хүргэж байна.

Н.О: 6 жилийн өмнө сайн үйлсийн аян хийх үеэр танилцаж, түүнээс хойш миний мэдэх хамгийн эрч хүчтэй бүсгүй бол Бадамгэрэл юм. Тиймээс On&On подкастын эхний дугаарт Топ модель, мисс, сургагч багш Х. Бадамгэрэлийг урьж ярилцаж байна. Өнөөдрийн ярианы сэдэв эрч хүчтэй ээж, эмэгтэй, эхнэрийн тухай байх болно. Эрч хүчийг хаанаас авдаг, хэрхэн сэлбэдэг, өөрийгөө хэрхэн сэдэлжүүлдэг вэ?

Х.Б: Эрч хүч бол хүсэл. Аливаа зүйлийг дурлаж хийх, чаддаг эсвэл чадахыг хүссэн зүйлээ хийх нь намайг эрч хүчтэй болгодог. Би эрч хүчийг хүүхэд байхдаа олж авсан. Багадаа олон юманд гологддог, ялагддаг хүүхэд байлаа. 

Ялагдаж сурсан сэтгэл зүй хүнийг маш сайн өрсөлдөгч болгодог. Сайн өрсөлдөгч байх ялагч байхаас ч үнэ цэнэтэй, арвин туршлагыг хуримтлуулж байдаг.  Тийм болохоор ялагч байх гэж шатахаас илүүтэй маш сайн өрсөлдөгч байх гэж хичээдэг.

Н.О: Гэрлээгийн постуудыг хараад зарим хүмүүс нэг бол их азтай, баян, эсвэл их сайн нөхөртэй суусан гээд ерөөсөө цаанаасаа өгөгдөл байгаа учраас энэ бүсгүй аз жаргалтай, сайн сайхан амьдардаг байхаа гэж боддог болов уу. Гэтэл энэ бүхний цаана гуних гутрах, бэрхшээл тохиолдох зүйл байгаа л байх?

Х.Б: Би бол жирийн л айлын охин. Биднийг аав ээж маань эд материалаар хангалуун байлгахаас илүүтэй сэтгэлийг нь дүүрэн өсгөсөн. Миний ээж маш бадрангуй эмэгтэй. Багаасаа л ээжийгээ харж, эмэгтэй хүн ямар хүчирхэг байж болох үлгэр дуурайлал авч байлаа. 

Мөн би цагийг маш сайн зохион байгуулж, ажлаа зөв хуваарилж чаддаг. Энэ нь миний өнөөдрийн амжилтыг бүтээдэг. 

Нөхөр бид хоёр ханилаад 8 жил болж байна. Бид бүхнийг тэгээс эхэлсэн, тэр ч бүү хэл 2016 оны сонгуульд нөхрөө нэр дэвшихэд нь бүх зүйлээ зориулаад, бүр хасахаас дахин эхлүүлж байлаа. Гэхдээ тэр нь амттай шүү дээ. 

Н.О: Дандаа эерэг сайхан пост оруулж, эрч хүчтэй зургууд хийх нь хэн нэгнийг урам зоригтой болгож байдаг ч нөгөө талдаа зарим бүсгүйчүүдийг цахим дарамтанд оруулдаг. Гэрлээ яаж ингэж ажил амьдралаа бүгдийг нь амжуулаад, би болохоор хүүхдийнхээ ч араас өндийхгүй, юу ч хийж амжихгүй байна гэж. Тэгэхээр хоёулаа зохицуулаад, болгоод, амжуулаад байгаа аргаасаа хуваалцъя.

Х.Б: Хамгийн гол зохицуулалт хандлагаас эхэлдэг. Ээж минь намайг бага байхаас аливаа зүйлийг болох талаас нь харж чаддаг бай гэж сургасан. Амнаас гарч буй үг, толгой доторх бодол бүхэн эерэг байх юм бол энэ нь өөрөө хийж бүтээж, амжуулахад тустай. Гэр бүл, хүүхэдтэй болохоор эмэгтэй хүн олон ажил зэрэг амжуулах шаардлага гардаг ч цагийн зохион байгуулалт, эерэг хандлага хоёр байхад бүх зүйл амждаг, бас бүтдэг. 

Н.О: Монгол эмэгтэйчүүдийг олон ажил амжуулдаг, хатан ухаантай, тэвчээртэй гээд л магтдаг. Гэвч үүний цаана аав ээжийгээ, үр хүүхдээ, хань ижлээ гэж гүйсээр эмэгтэй хүн орхигдоод байх шиг?

Х.Б: Хамгийн түрүүнд ажил үүргийн хуваарилалтыг зөв хийж, хийх ёстой юмаа түүртэлгүй хийчихдэг байх хэрэгтэй. Нөгөөтэйгүүр эмэгтэй хүн гэрэл гялбаатай явахын бас нэг гол түлхүүр нь эр нөхөр. Манай хүн бид хоёр хоол хийх, хүүхдээ авах зэрэг ажлуудаа хуваагаад л хийчихдэг. Угаасаа намайг юм хийж байхад нөхөр маань зүгээр хараад суугаад байдаггүй, хамжаад дэмжээд, тусалдаг. Энийг би хайр гэж боддог. 

Н. О: “Амжилттай яваа эр хүний цаана ар гэрийг нь сайн авч явдаг эхнэр хүн байдаг” гэдэг.  Гэтэл яг энэ тохиолдолд эмэгтэйчүүд маань өөрсдийнхөө хүсэл мөрөөдлийг, карьерийг орхигдуулах нь элбэг. Харин танай гэр бүлийн хувьд эхнэр нөхөр хоёул салбартаа амжилт гаргаж чадаж байна. Нууц нь юу вэ?

Х. Б:  Хайрыг өмчилж болохгүй л дээ. Эр хүн өмчийн сэтгэлээр хандах гээд байдаг. Эхнэр хүн хоол хийж, хувцас угааж, хүүхэд харах ёстой гээд л харчих юм бол шударга бус болно. 

Эрэгтэй хүн илүү холыг хардаг бол, эмэгтэй хүн ойрын жижиг алхмуудыг маш сайн харж, тооцоолж чаддаг. Ингээд арга билиг нийлдэг шиг хоёул нэг тийш хараад хөтлөлцөөд явбал, амьдралын нарийн жимээр заавал нэгнийгээ унагаж золиослохгүйгээр, хамтдаа амжилттай байх боломжтой. 

Н.О: Эмэгтэйчүүд эр хүнтэй эрх тэгш ажиллаж, хөдөлмөрлөж, санхүүгийн эрх чөлөөнд хүрч, манлайлах болсон нь эмэгтэй хүн эр хүнгүйгээр амьдрах, өөрөө өөрийгөө аваад явчихаж болох юм гэсэн хандлага гарч ирж байна. Тэгвэл салбартаа тэргүүлж, амжилттай яваа эмэгтэй хүний хувьд энэ эмэгтэйчүүдийн хүчирхэгжилтийг гэр бүлийн халуун дулаан, бат бэх харилцаатай яаж уяж өгч байна вэ?

Х.Б: Бүх цаг үед хүчирхэг эмэгтэйчүүд байсан. Гэвч тэднийг тодруулах уу, дарах уу гэдгийг эрчүүд шийдээд байдаг. Улс төр, бизнест эмэгтэйчүүдийн хүчирхэгжилт, манлайллыг эрчүүд хүлээн зөвшөөрөх хэцүү. Харин гэр бүлийн амьдралд энэ бүхэн хайраар зангидагдаж байдаг учраас өөр. Би анхнаасаа нөхөртөө өөрийн хүсэл зорилгоо ойлгуулсан, түүнийхээ төлөө зүтгэхийн зэрэгцээ ар гэрийн амьдралаа ч орхигдуулахгүй гэдгээ хэлсэн. 

Эмэгтэй хүн аливаа зүйлийг хийхдээ ээж эсвэл нөхрөөсөө зөвшөөрөл авдаг биш, харин зөвшилцөл хийдэг байх ёстой. Гэр бүлийн харилцаанд эмэгтэйчүүд сонсогч биш ярилцагч байх ёстой. Тэгж байж харилцаанд оролцож байгаа эхнэр нөхөр хоёул сэтгэл ханамжтай байх болно. 

Н.ОЗа бидний яриа нилээд гүнзгий сэдэв рүү орчихлоо. Эргээд эрч хүчтэй амьдралын хэв маяг руугаа оръё. Эрч хүчтэй байхад өөртөө итгэлтэй байдал, биеийн зохист жин багагүй нөлөөлдөг. Жингээ яаж барьдаг вэ?

Х.Б:   Миний хувьд жин бол хариуцлага. Би зорьж, тэмүүлж мисс болсон. Мисс хүн гэдэг эргэн тойрондоо зөв үлгэр дуурайлал үзүүлж, гоо сайхныг түгээдэг байх ёстой. 

Хоолны хатуу дэглэм бол барьдаггүй. Орой 18 цагаас хойш хоол идэхгүй. Өдөртөө нимбэг, зөгийн балтай ус ууж, ногооны салат их иддэг.

Н.О: Би их сургуульд багшилдаг байхдаа нэг удаа шөнийн цэнгээний газарт оюутантайгаа таараад их санаа зовж байсан. Яг түүнтэй адил, олон хүний үлгэр дуурайлал болж яваа хүний хувьд дандаа гоё сайхан явах, зөвийг хийж, ярих нь заримдаа дарамттай санагддаг уу?

Х.Б:  Хэзээ ч үгүй. Энэ бол миний сонголт. Тийм болохоор сонголтондоо хариуцлагатай хандах ёстой гэж боддог. Би яаж ч ядарсан өрвийсөн үстэй явдаггүй. Хэзээд уруулаа өнгөлж, хөмсгөө будаад, цэгцтэй харагдахыг хичээдэг. 

Төрсний дараа л жоохон ядарч байсан. Гэхдээ ээж маань их өндөр шалгууртай хүн. Надад 3 хэмжээтэй гэдэсний даруулга авчирж өгөөд, 3 сарын дараа яг хэвэндээ орно шүү гэж хэлж байсан. Тэгээд хэмжээгээ жижигрүүлж зүүсээр хэвэндээ орсон доо. 

Н.О: Гэрлээ бол их хүчирхэг эмэгтэй юм. Хүчирхэг эмэгтэйн хүүхдээ хүмүүжүүлэх арга барилыг сонирхъё.

Х.Б: Хүүгээ хэзээ ч чанга хашхирч загнаж байгаагүй, харин маш сайн ярилцдаг. Нөхөр бид хоёр хүүхдээ онц сур гэж шахдаггүй. Хичээл хийснээр өөрт нь ямар хэрэгтэйг ойлгуулсан учраас даалгавар хийлгэхэд асуудал гардаггүй.  

Бид хүүгээ 2 настайгаас нь хойш ганц зүйлийг өглөө бүр хүүдээ хэлдэг. “Миний хүү бол дэлхийд алдартай манлайлагч болно. Миний хүүд хэнд ч байхгүй хамгийн мундаг чадварууд бий” гэж хэлж, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлдэг. 

Н.О: Ярилцахад таатай байлаа. Амжилт хүсье.  

 

 

Таны сурталчилгаа