Азийн цагаан дагина хэмээн нэрлэгддэг байсан нийслэл маань өвөлдөө Утаанбаатар, зундаа Усанбаатар гэх хочтой болсон. 1986 онд ОХУ-ын мэргэжилтнүүд Улаанбаатар хотыг 2010 он гэхэд 750 мянган хүн амтай байхаар төлөвлөж байсан ч хэдийнээ 1,1сая хүнтэй болсон байв. Хөлтэй болгон нь хотыг зорьж, нэг хашаанд гурав дөрвөн айл амьдарч, энд тэндгүй модон жорлон зоож, хагарсан дугуйнаас эхлээд түүхий нүүрс түлж нэг газраа чигчиж эхлэв.
Энэ бүгд даамжирч явсаар өнөөдрийн агаар, хөрсний бохирдол тартагтаа тулжээ. Агаар, хөрсний бохирдол, хүн амын нягтаршлыг хэрхэн зохицуулах вэ?. Үүнийг даван туулахын тулд хамгийн түрүүнд барилгажуулах, гэр хорооллын айлуудыг орон сууцжуулах шаардлага тулгарсан.
Шийдэл: Гэр хороололд инженерийн хувьсгал
Өнөөдөр “Сэлбэ” дэд төвийн цахилгаан хангамжийн төлөвлөлтийн хүрээнд “2*16 Мега ВА” хүчин чадалтай 35/10 кило вольтын дэд станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэж ашиглалтад хүлээлгэн өгөх үйл ажиллагаа боллоо.
Монгол улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг тамгын газар, Азийн хөгжлийн банктай хамтран “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг эхлүүлж амжилттай ажиллаж байна. Төслийн гол зорилго дэд бүтэц, инженерийн шугам сүлжээг гэр хороололд суурьшуулж 6 дэд төвийг байгуулах юм. Төсөл гурван үе шаттайгаар явагдаж байгаа бөгөөд нийт 9 жилийн хугацаанд зургаан дэд төвийн нийгмийн болон инженерийн дэд бүтцийн ажлыг хийж гүйцэтгэх юм.
Энэ нь Улаанбаатар хотод анх удаа хот шинэчлэл, хот байгуулалтын хүрээнд хийж буй урт хугацааны шийдэл ажээ.
Тус төсөлд гар бие оролцож ажиллаж буй цахилгаан инженер Б.Анхбаяраас тодруулга авлаа.
Өдрийн мэнд, Сэлбэ дэд төвийн цахилгаан хангамжийн ажлын талааар товч танилцуулаач?
- Сэлбэ Дэд төвийн инженерийн дэд бүтцийн барилга байгууламжийн хүрээнд дулааны станц, цэвэр бохир усны шугам сүлжээ, зам, цахилгаан хангамжийн барилга байгууламжийн хүрээнд дэд станц баригдаж 2020 онд ашиглалтанд орлоо.
Дэд станц ашиглалтад орсноор ямар үр өгөөжтэй вэ?
- Эхний ээлжинд Сэлбэ дэд төвд баригдаж байгаа дулааны станц, ус дулаан дамжуулах төвүүд болон инженерийн болоод нийгмийн барилга байгууламжууд цахилгаан хангамжийн найдвартай эх үүсвэрт холбогдлоо. Цаашлаад Сэлбэ дэд төвийн хүрээнд хамрагдаж буй Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, СБД-ийн 13, 14, 16, 17-р хорооны нийтдээ 20 мянга гаруй иргэд, 208 мянга метр.кв талбай бүхий барилга байгууламжуудыг эрчим хүчний найдвартай эх үүсвэрт холбох боломж бүрдэх юм гэлээ.
Төслийн эцсийн үр дүн нь гэр хорооллыг орон сууцжуулах суурь инженерийн дэд бүтцийг цогцоор нь бүрдүүлж өгнө. Бэлэн дэд бүтэц түшиглэн баригдаж байгаа учраас орон сууцны үнэ иргэдийн орлогод нийцсэн байхаар тооцож байгаа юм. Мөн дэд төвүүд барилгажих, нийгэм эдийн засгийн хувьд бие даан хөгжих, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж инженерийн болон дэд бүтцийн хангамжийг цогцоор нь шийдэх явдал ажээ.