Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын хөгжмийн зохиолчдын холбоо хамтран хөгжмийн уран бүтээлчдийн бүтээлч хандлагыг нэмэгдүүлэх, бүтээл туурвилыг сурталчлах, хөгжмийн урын санг шинэ, шилдэг бүтээлээр баяжуулах, нийтийн хүртээл болгох, монгол хөгжмийн үнэлэмж, үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор “Бүх нийтийн хөгжмийн баяр 2020” арга хэмжээг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байгаа билээ. Арга хэмжээний хүрээнд оны шилдэг дуу шалгаруулах "Морин хуур" наадам, “Алтан намар” 38 дахь хөгжмийн наадам, “Цахим орчинд хөг нэмье” онлайн фестиваль, “Миний дуртай хөгжмийн хичээл” сэдэвт уралдаан зэрэг олон арга хэмжээг зохион байгуулж байна. 

33 дахь удаагаа зохион байгуулагдаж буй “Морин хуур” наадмын нэгдүгээр шатны шалгаруулалт Монголын Хүүхдийн Ордны концертын танхимд 11.00 цагт эхэллээ. Арга хэмжээг нээж Соёлын яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат, ЗГХА Соёл, урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор, Хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч Г.Батхуяг нар үг хэллээ. 

Шалгаруулалт "Мэргэжлийн дууны төрөл"-өөр эхэлсэн бөгөөд 14.00 цагт "Нийтийн дууны төрөл", 17.50 цагт "Эстрадын дууны төрөл" - өөр тус тус үргэлжлэх юм. 

Уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалтад уран бүтээлчдийн нэр дурьдагдахгүй дуу болгонд тусгайлан олгосон код болон дууны нэрээр зарлагдах бөгөөд сугалааны дарааллаар уралдаант шалгаруулалтад оролцож байгаа юм. 

Таны сурталчилгаа