Цаг үеийн мэдээ

Энэ долоо хоногт шоронгоос суллагдсан Киргизстаны экс ерөнхийлөгч Алмазбек Атамбаевын амь насанд халдахыг завдсан оролдлого өчигдөр гарсан байна.

Авлигын хэрэгт буруутгагдан энэ оны эхээр 11 жил 2 сарын хоригдох ял сонссон түүнийг Киргизстаны аюулгүй байдлын төв хорооноос жагсагчидтай хийсэн хэлэлцээрийн үр дүнд сулласан юм.

2011-2017 оны хугацаанд Киргизийн төрийн эрхийг барьсан тэрээр баасан гарагт Бишкек хотод дэмжигчидтэйгээ уулзалт хийсэн байна. Цуглааны үеэр түүнийг дэмжигчид болон шоронгоос мөн суллагдсан сөрөг хүчний улс төрч Садир Жапаровыг дэмжигчдийн хооронд эмх замбараагүй байдал бий болсон байна.

Үймээнийг орхин явах үед нь Алмазбек Атамбаевын суусан автомашин руу хэд хэдэн удаа гал нээсэн хэрэг гарсан байна. Киргизстаны экс ерөнхийлөгч суманд оногдоогүй бөгөөд ямар нэгэн гэмтэл бэртэл аваагүй байна. Тэрээр амь насанд нь халдахыг завдсан энэ хэрэгт хүчнийхнийг холбоотой гэдэгт итгэлтэй байгаа юм байна.

Энэ сарын 4-ний өдөр Киргизстан улсад явагдсан бүх нийтийн парламентын сонгуулийн дүнг эсэргүүцсэн эмх замбараагүй байдал тус улсад бий болоод байгаа билээ.

Үймээн самууныг дарах зорилгоор тус улсын өнөөгийн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков 10-р сарын 21-ний өдрийг хүртэл нийслэл Бишкек хотдоо онц байдал тогтоож, цэргийн хүнд техник хэрэгсэл, цэрэг армийг оруулах шийдвэрийг өчигдөр орой гаргасан байна.

Эх сурвалж:  aljazeera

Таны сурталчилгаа