Цаг үеийн мэдээ

ОХУ-д шинээр мэндэлсэн бяцхан охиноо бусдад мэдэгдэлгүйгээр 6 сарын турш хувцасны шүүгээндээ нуун, өлсгөж байсан 37 настай эмэгтэйг цагдаа нар саатуулсан байна. Төрүүлсэн хүүхдээ өлсгөлөнгөөр амьсгал хураахыг нь хүлээн, хөнжилд ороон хагас жилийн турш шүүгээндээ нуусан түүний энэ хэрцгий үйлдлийг гэрт нь зочилж, хамтдаа архи ууж байсан найзууд нь санамсаргүйгээр олж мэдсэнээр бяцхан охин аврагджээ.

Хэрэгт холбогдсон эмэгтэйг Юлия гэдэг бөгөөд өөрийг нь зоддог байсан хуучин нөхрөөсөө өшөөгөө авах зорилгоор ийм үйлдэл гаргасан хэмээн мэдүүлсэн байна. Юлия өөр 3 настай охин болон 13 настай хүүгийнхээ хамтаар амьдардаг юм байна.

3 настай охин нь гэрт нь амьд хүүхэлдэй байдаг талаар цэцэрлэгтээ ярьдаг байсан гэнэ. Харин 13 настай хүү нь шүүгээнд байгаа дүүгээ ээжээсээ нууцаар хооллодог байсны ачаар бяцхан охин амьд гарч чадсан байна.

Жирэмсэн гэдгээ 5 сартайд нь мэдсэн Юлия жирэмсний хугацаанд эмнэлэгт нэг ч удаа хандаж байгаагүй бөгөөд гэрийнхээ ваннд хүүхдээ өөрөө ганцаараа байхдаа төрүүлсэн байна.

Жирэмсэн гэдгийг нь мэдэж байсан эргэн тойрны хүмүүстээ тэрээр гэртээ төрөх үед хүүхэд нь эндсэн хэмээн хэлж, итгүүлсэн байжээ.

Хорвоод мэндэлсэн цагаасаа хойш гадаа гарч, агаар амьсгалж үзээгүй бяцхан охин хүнс тэжээлийн дутагдлын улмаас маш ихээр тураалд орсон бөгөөд эмнэлэгт биеийн байдал нь хүнд байгаа юм байна. Сэтгэцийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа эхэд нь 7 жилийн хорих ял оноож магадгүй юм байна.  Харин үлдсэн 2 хүүхдийг нь улсын асрамжийн газарт хүлээлгэн өгсөн байна.

Эх сурвалж: Риа новости

Таны сурталчилгаа