Хөгжлийн ялгаатай хүүхдүүдийг сургууль, цэцэрлэг, насан туршийн боловсролын төв (НТБТ)-ийн үйлчилгээнд хамруулан тэдний эрхийг хамгаалж, хэрэгцээ, сонирхолд нь нийцсэн боловсролын үйлчилгээ үзүүлэхэд эцэг эх, багш нартай хамтран ажиллаж хүүхэд бүрээ хөгжүүлж байна.
Мөн сургуульд явж чадахгүй байгаа хүүхдүүдэд гэрээр боловсрол нөхөн олгох сургалт зохион байгуулдаг. Хөгжлийн ялгаатай хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулан сургахад үеийн хүүхдүүд нь маш сайн тусалж, дэмжиж, хамтран хөгжиж байна гэж Ховд аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын Бага боловсрол хариуцсан мэргэжилтэн Э.БАТ-ЭРДЭНЭ аймгийн туршлагадаа дурдсан байна.
Ховд аймгийн хувьд сургуулийн гадна байгаа хүүхдийг боловсролд тэгш хамруулан сургахад орон нутгийн удирдлагын үүрэг, оролцоо, хүүхдэд ээлтэй орон зай сэдэвт сургалт зохион байгуулсан байна. Сургалтад аймаг, сумын ЗДТГ-н мэргэжилтнүүд, Боловсрол, соёл, урлагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэндийн газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, сургуулиудын удирдлагууд хамрагдаж цаашид хамтран ажиллах чиглэлээ гаргасан нь үр дүнтэй байлаа.
Мөн ХБХ-ийн боловсрол, эрүүл мэнд нийгмийн хамгааллын салбар комиссоос сургууль, цэцэрлэгт хамрагдаж байгаа хөгжлийн ялгаатай хүүхдүүдээ хэрхэн суралцаж байна ямар тулгамдсан асуудлууд байгааг хэлэлцэж, сургуульд хамрагдалтыг дэмжих зөвлөл, сургуулийн дэмжлэгийн баг, захирал, сургалтын менежер, багш нартайгаа хамтран асуудлыг нь шийдвэрлэж ажилладаг. Ингэснээр хөгжлийн ялгаатай хүүхдүүдийн боловсролд хамрагдах хамран сургалт 1.8 хувиар ахисан аж.
Ховд аймаг “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулан сургах зарчмыг дэмжих нь” төслийг Буянт, НТБТ, III, YII сургууль дээр хэрэгжүүлж багш нараа боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхэдтэй ажиллах арга зүйн сургалтуудад үе шаттай хамруулж, ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулах арга зүй, дохионы хэлний багш бэлтгэх, аутизмын хүрээний эмгэгтэй хүүхэдтэй ажиллах арга зүй, дэмжлэгийн багийн гишүүдийг чадваржуулах, багш, эцэг эх, үе тэнгийн хүүхдүүдийн хандлага өөрчлөх сургалтуудыг үе шаттай зохион байгуулсан байна.