Автотээврийн үндэсний төв, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс “Эрдэнэс таван толгой” ХК, “Тайван” авто зогсоолтой хамтран “Эрүүл уушгины төлөө хамтдаа” аяныг тээвэрлэгч аж ахуй нэгжүүдийн дэмжлэгтэйгээр эхлүүллээ.
Автотээврийн үндэсний төвөөс энэ оныг “Хариуцлагатай тээврийн жил” болгон зарласантай холбогдуулан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр үе шаттай ажлуудыг хийж хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлт эрхлэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагуудын жолооч нарыг тоосны шалтгаант мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, Ажлын байранд эрдсийн тоосны өртөлтөөс ажилтныг хамгаалах зорилгоор Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвтэй байгуулсан санамж бичгийн хүрээнд энэхүү аяныг эхлүүлээд байна.
Таван толгойн орд газраас “Гашуунсухайт” боомт хүртэл уртын болон богинын замаар нийт 13500 гаруй жолооч нүүрс тээврийн ажлыг эрхэлж байна. Эдгээр жолооч нарын 80 гаруй хувь нь хөдөлмөрийн идэвхтэй насны хүмүүс ажиллаж байна. Эдгээр нүүрс тээврийн жолооч нарын эрүүл мэндийг хамгаалах, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх салбар дундын бодлогыг тодорхойлоход дэмжлэг үзүүлж, жолооч нарын ажлын байранд 16 төрлийн хүнд метал, цулцанд нэвтэрдэг тоосны хэмжилтийг хийж, үнэлгээний тайланг гаргаж холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр ажиллаж байна.
Энэхүү арга хэмжээ 11 сарын 18 хүртэл үргэлжлэх бөгөөд тус аянд жолооч нарыг идэвхитэй оролцохыг уриалж байна.
Өмнөговь аймаг, Ханбогд сум, Цагаан хад суурьшлийн бүс