Улсын эмнэлгүүд нийт орныхоо 10 хүртэлх хувийг төлбөртэй тусламж, үйлчилгээнд ашиглаж болох хуулийн зохицуулалттай байдаг. Энэ хүрээнд Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг Дотрын төвдөө VIP тасгийг байгуулан, тохижуулжээ. Хэвтэн эмчлүүлэх тасгийн булангийн 2-3 өрөөг төлбөртэй байдлаар үйл ажиллагаа явуулж ирсэн жишгийг УНТЭ өөрчлөн ийнхүү VIP тасгаа ашиглалтад оруулжээ.
VIP тасгийн үйл ажиллагаатай Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон холбогдох албаныхан танилцсан юм.
Энэ үеэр УНТЭ-ийн ерөнхий захирал Н.Лхажий “Үйлчлүүлэгчид орчин нөхцөлөө сайжруулахыг шаардах нь олон тохиолддог. Хэрвээ үйлчлүүлэгч хүсвэл төлбөрөө төлөөд чадварлаг багийн үйлчилгээг ая тухтай орчинд авах боломж бүрдэж байна. Бид үйлчлүүлэгчээсээ өрөөний төлбөр л авахаас эмчилгээний төлбөр авахгүй, ЭМД-аар нь үйлчлэх юм. УНТЭ нь хагас бие даасан байдалд шилжсэнтэй холбогдуулан төлбөртэй үйлчилгээг нийт орлогын 6-10 хувиас хэтрүүлэхгүй байх хуулийн зохицуулалттай" хэмээн танилцууллаа.