ОХУ-д амьдарч буй гадаадын иргэдийн визийн хугацааг сунгах, виз болон бүртгэлийн зөрчлөөс чөлөөлөх, албадан гаргах эсхүл тус улсад тодорхой хугацаагаар орох эрхийг хязгаарлах, торгох шийтгэл ногдуулахгүй байх зохицуулалтын үйлчлэх хугацааг ирэх сарын 15 хүртэл сунгажээ.
Энэ оны дөрөвдүгээр сарын 18-нд ОХУ-ын Ерөнхийлөгч “Коронавирусний халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор гадаадын иргэн, харьяалалгүй хүний эрх зүйн байдалтай холбогдуулан авах түр арга хэмжээний тухай” захирамж гаргасан. Уг захирамжид виз болон бүртгэлийн зөрчлөөс чөлөөлөх, албадан гаргах эсхүл тус улсад тодорхой хугацаагаар орох эрхийг хязгаарлах, торгох шийтгэл ногдуулахыг түр зогсоогоод байсан юм. Улмаар уг зохицуулалтыг ирэх сарын 15 хүртэл сунгасныг ОХУ-ын Гадаад хэргийн яамны Консулын газраас мэдэгдэв.
Дээрх шийдвэр хорих ял эдэлж байгаад суллагдсан, ОХУ-ын хилийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн, үндэсний аюулгүй байдалд харшлах үйлдэл хийсэн, террорист үйл ажиллагаанд оролцсон эсхүл терроризмыг санхүүжүүлсэн, дэмжсэн зэрэг гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хамаарахгүй аж.