Төрийн албаны зөвлөл гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн үед халдвар хамгааллын горимыг чанд мөрдөн удирдах 33, гүйцэтгэх 7 албан тушаалын сонгон шалгаруулалтыг зохион байгуулахаар цахим хуудсандаа зарлаад байна.
Тухайлбал,
Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга,
Оюуны өмчийн газрын дарга,
Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга,
Гадаадын иргэний харьяатын газрын дарга,
Архивын Ерөнхий газрын дэд дарга,
Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга,
Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаал зэрэг удирдах албан тушаалын тусгай шалгалтыг ирүүлсэн захиалгад үндэслэн зохион байгуулахаар бэлтгэл үйл ажиллагаа хийж байна.
Төрийн албаны зөвлөлийн 58 дугаар хуралдаан халдвар хамгаалалтын дэглэм, нарийн горимын дор болж, цар тахлын үед төрийн байгууллагуудын тасралтгүй үйл ажиллагааг хангах, хууль тогтоомжоор олгосон эрхийн хүрээнд зөвлөмж гаргах асуудлыг хэлэлцжээ.
Цаашид тухайн албан тушаалын тусгай шалгалтыг тасралтгүй зохион байгуулж, сул орон тоог нөхөх юм. Шалгалт өгөх иргэд Корона вирусийн шинжилгээнд хамрагдаж, шинжилгээний хариуг авч ирнэ.
Төрийн байгууллагын тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор БШУЯам, Гадаадын иргэн харьяатын газрын дэргэдэх салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаар тогтсон байна.
Мөн хууль тогтоомжид үндэслэн гавьяаныхаа амралт /өндөр насны тэтгэвэр/-д гарсан төрийн албан хаагчийг хэрхэн ажиллуулах талаар баримтлах зөвлөмж гаргахаар шийдвэрлэжээ.