Коронавирусний цар тахлыг хяналтдаа сайн барьж буй Австралийн туршлагын талаар ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр танилцууллаа.
Тус улс нь цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авахдаа хатуу хөл хорионы дэглэмийг чанд мөрдөн батлагдсан тохиолдолтой ойр харьцсан хүмүүсийн судалгааг өргөн хүрээнд явуулж, ерөнхийдөө бүх үйлчилгээг цахимжуулан онлайнаар ажилласнаар сайн үр дүнд хүрсэн байна.
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, Шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Манай улсын хувьд дотоодод 448, зөөвөрлөгдсөн 383 тохиолдол бүртгэгдсэн. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 12 тохиолдол нэмэгдсэн нь өмнөх өдрийнхөөс 5-аар нэмэгдсэн үзүүлэлт юм.
Улсын есөн кластер голомтын батлагдсан тохиолдолтой ойр харьцсан 4244 хүнийг тогтоож тандалт, судалгаа хийж байна. Коронавирустэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 2 589 эмч, мэргэжилтэн ажиллаж байна.
Түргэн оношилгооны цэгээр 194 208 хүн коронавирус илрүүлэх шинжилгээнд хамрагдсанаас 137469 хүний шинжилгээ сөрөг гарсан. Бусад хүний шинжилгээг хийж байна.
ЗӨСҮТ-ийн хоёр баг халдварын голомтын 25 обьектын 12 500 шоо метр талбайд ариутгал, халдваргүйтгэл хийсэн. Сүүлийн 24 цагийн хугацаанд тусгай дугаарын дөрвөн утсанд 15 405 хүн холбогдож, коронавирусээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, шинжилгээ өгөх талаар зөвлөгөө авсан байна. Мөн ЭМЯ-ны 323002 утас руу 1201 хүн холбогдож, эмнэлгийн үйлчилгээ, коронавирусээс сэргийлэх зөвлөмж зөвлөгөө авсан” гэлээ.