ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх долоо хоногоос иргэдээ коронавирусний вакцинд өргөн хүрээнд хамруулж эхлэхийг дэд Ерөнхийлөгч Татьяна Голиковад лхагва гарагт үүрэг болгосон юм. Түүний хэлснээр, ойрын үед 2 сая тун вакцин бэлэн болно.
Эмч, багш нар болон хотын нийгмийн үйлчилгээний ажилтнуудад “COVID-19”-ийн вакцин хийх цахим бүртгэл Москвад өнөөдөр 8.00 цагт нээгдсэн бөгөөд зөвхөн mos.ru цахим хуудсаар дамжуулан бүртгэхээр болжээ.
Одоогийн байдлаар вакциныг хамгийн эрсдэлтэй бүлэгт багтаж байгаа зөвхөн Москва хотын оршин суугчдад хийнэ. Эхний ээлжинд өдөр бүр олон тооны хүнтэй харилцдаг эрүүл мэндийн ажилтан, багш нараас гадна хотын нийгмийн байгууллагуудын ажилтнуудыг хамруулна.
Вакцин тариулах хүмүүсийн ангиллын жагсаалтыг аажмаар өргөжүүлэх бөгөөд нийслэлийн бүх оршин суугч хийлгэх боломжтой болно. Москвачууд архаг хууч өвчингүй, коронавирусний вакцины эмнэлзүйн туршилтад оролцоогүй, сүүлийн 30 хоногт вакцин тариулаагүй, уушгины хатгалгаа тусаагүй тохиолдолд вакцин хийлгэж болно. 18-60 насны иргэдэд вакцин хийх юм. Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдэд эсрэг заалттай учир хийхгүй байна.