Цаг үеийн мэдээ

УИХ-ын чуулганы хуралдаанаар 2021 оны төсөв болон дагалдан батлагдсан хуулиудад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.

Ерөнхийлөгч хориг тавихдаа төсвийн нийт зардлыг 20 хувиар хэмнэх, өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөр боловсруулах, төсвийн хэмнэлтээр коронавируст халдварын эсрэг вакцин худалдан авах шаардлагатай гэж үзсэн юм. Мөн үйлдвэр, аж ахуйн нэгж, бизнесийг дэмжсэн мастер төлөвлөгөө гаргаж, жижиг дунд үйлдвэр эрхлэгчид болон өдрийн орлоготой, түүгээрээ амьдардаг үсчин, оёдолчин, дархан, мужаан, такси зэрэг ажил, үйлчилгээ эрхэлдэг иргэдийг онцгой анхаарч тэдэнд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагыг тавьсан. 

Гэвч УИХ-ын гишүүд төсвийн зардлыг 20 хувь бууруулах боломж байхгүйгээс гадна цаг хугацааны хувьд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзэв. Өөрөөр хэлбэл, чуулганы хуралдаанаар санал хураалт явуулахад гишүүдийн гуравны хоёроос илүү нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг дэмжсэнгүй. 

УИХ-ын гишүүд хуралдааны таван танхимаас хуралдаж байгаа тул системээр санал хураалт явуулах боломжгүй болжээ. Тиймээс санал хураалтыг илээр гар өргөж явуулсан юм. 

Таны сурталчилгаа