Цаг үеийн мэдээ

Монгол Улс дотооддоо коронавирусний халдварыг алдсантай холбоотойгоор нүүрсний экспорт саарч байгааг тоон үзүүлэлтүүд харуулж байна.

2020 оны арваннэгдүгээр сарын 12-16-ны өдрүүдэд өдөрт дунджаар 1,500-1,530 автомашин нүүрс экспортод гаргаж байсан бол арваннэгдүгээр сарын 23-ны өдрийн байдлаар Гашуунсухайт боомтоор 211 нүүрсний машин, Шивээхүрэн боомтоор 216 нүүрсний машин гарсан байгаа юм. Түүнчлэн өнгөрсөн өдрүүдэд хилээр гарч буй нүүрсний машины тоо буурч байгаа.

Тэгвэл Гадаад харилцааны яамны зүгээс нүүрсний экспортыг бууруулахгүй байх чиглэлээр БНХАУ-ын талтай яриа хэлэлцээ хийж ойлголцож байгаа гэж Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдэгдлээ.

БНХАУ-ын талаас нүүрс тээврийн жолооч нарыг шинжилгээнд хамрагдсан байх шаардлагыг тавьж байсан бол цаашлаад дотоодод хийгдсэн шинжилгээг хүлээн зөвшөөрөхгүй гэж байна гэх мэдээлэл байсан. Тэгвэл БНХАУ-ын талтай энэ асуудлаар ярилцаж, Монголд хийгдсэн шинжилгээг хүлээн зөвшөөрүүлэх талаар ойлголцсон  гэлээ.

Сануулахад, Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын XVI хуралдаан /2020.11.23/ болсон. Хуралдаанаар хоёр улсын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтод эрт хүрэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлсэн.

 Цар тахлын нөхцөл байдалд хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг аль болох хэвийн явуулахын төлөө нягт хамтран ажиллаж, Монгол, Хятадын хилийн боомтын “Ногоон гарц” түр журам зэрэг арга хэмжээг цаашид ч тогтвортой хэрэгжүүлэх талаар талууд ярилцсан юм.

 

Таны сурталчилгаа