Цаг үеийн мэдээ

“Эмч зөвлөж байна” энэ удаагийн булангаар ГССҮТ-ийн Сэргээн засах эмчилгээний тасгийн эрхлэгч Г.Ууганбаяртай ярилцлаа.

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны түрүүнд бидэнд Сэргээн засах эмчилгээний тасгаа танилцуулна уу?

-Сайн байна уу. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Сэргээн засах тасаг нь анх 1973 онд Улсын клиникийн эмнэлгийн дэргэд Гэмтэл согогын физик эмчилгээний кабинет нэртэйгээр байгуулагдсан. 1976-1990 онд УКТ эмнэлгээс Гэмтэл согогын эмнэлэг бие дааж тусгаарлахад реабилитаци физик эмчилгээний тасаг, 1990 онд ЗХУ-ын тусламжаар баригдсан шинэ эмнэлэгт орж, Нөхөн сэргээх эмчилгээний тасаг  болсон ба 2007 оноос  Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн Сэргээн Засах эмчилгээний тасаг болон өргөжсөн. Одоогийн байдлаар нийт 23 ажилчидтай. Үүнд сэргээн засах эмчилгээний их эмч 5, уламжлалт анагаах ухааны эмч 1, сэтгэл зүйч 1, хөдөлгөөн засалч 6, сувилагч 8, үйлчлэгч 2 гэсэн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

-Эрүүл мэндийн салбарт маш олон эмчилгээний шинэ технологиуд нэвтэрсээр байна. Танай тасаг сүүлийн үед ямар технологийг үйлчилгээндээ нэвтрүүлээд байна вэ?

-Тэр үнэн. Шинжлэх ухаан цаг хугацаатай уралдан хөгжиж байна. Үүнийгээ дагаад манай эрүүл мэндийн салбарт олон дэвшилтэт технологиуд ар араасаа гарсаар байна.

Бид 2012 оноос ГССҮТ-д анхны хөдөлгөөн засал эмчилгээг нэвтрүүлсэн. Хөдөлгөөн засалч нь хөдөлгөөний эмгэгийг оношилж, эмчлэх бөгөөд үйл ажиллагааны чадварыг сэргээх, чадвар алдалтыг бууруулах, амьдралын чанарыг сайжруулахад чиглэгдсэн нотолгоонд суурилсан эмчилгээ үйлчилгээг үзүүлдэг.

2015 оноос уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээг нэвтрүүлснээр хэвтэн эмчлүүлэгчдийн гэмтлийн өвчний зовиураас гадна дотор эрхтнүүдийн талаас илрэх зовиурыг судсаар оношлон тохирох эм, танг өгч, зүү, төөнүүр эмчилгээ хийгдэж эхэлсэн ба халдварлагдсан шарх, архаг хэлбэрийн ясны идээт үрэвсэлтэй эмчлүүлэгч нарт эмийн эмчилгээ, хануур, самнуур эмчилгээ хийснээр шархны эдгэрэл сайжирч эхэлсэн.

Үүнээс гадна гэмтсэн иргэд тодорхой хугацаагаар болон байнгийн хэлбэрээр хөдөлгөөн хязгаарлагдаж байдаг бөгөөд үүнээс үүдэлтэй орлого буурах, нийгмийн харилцаанд оролцохгүй байх, өвдөлт зориур мэдрэх зэргээс шалтгаалт сэтгэл гутралд ихээр өртдөг. Иймээс 2017 оноос бид сэтгэл зүйн тусламж үйлчилгээг нэвтрүүлснээр стандартад нийцсэн сэтгэл зүйн зөвлөгөөний өрөөг тохижуулан осолд гэмтэлд орсон үйлчлүүлэгчид, хүчирхийлэлд өртөгсөд, эмнэлгийн мэргэжилтэнүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө засал хийж байна.

Сүүлийн жилүүдэд үений олон төрлийн мэс заслыг хийж эхэлсэнтэй холбогдуулан  мэс заслын төрөл нэмэгдэх бүрт бид хийх эмчилгээгээ боловсронгуй болгож ажиллаж байна. Жишээ нь түнхний үе солих мэс заслын дараах, өвдөгний үе солих мэс заслын дараах болон түгжээт хадаас мэс заслын дараах сэргээн засах эмчилгээг өвдөгний дурангийн хагалгааны дараах сэргээн засах эмчилгээг шинээр нэвтрүүлээд байна.

- Өдөрт тасгаар хичнээн хүн үйлчлүүлж, ихэнхи нь ямар төрлийн үйлчилгээ авдаг вэ?

-Сэргээн засах эмчилгээний тасгаар өдөрт дунджаар 50-60 хүн тогтмол үйлчлүүлдэг. Бидний хувьд гэмтлийн дараах болон гэмтлийн мэс заслын дараах өвчтөнүүдэд сэргээн засах эмчилгээний үзлэг, оношлогоо, хөдөлгөөн засал эмчилгээ, цахилгаан эмчилгээ, дулааны эмчилгээ, уламжлалт анагаах ухааны эмчилгээ, сэтгэл зүйн зөвлөгөө зэрэг үйлчилгээнүүдийг үзүүлж ажилладаг.

-Гэмтсэн иргэд яагаад заавал сэргээн засах эмчилгээг хийлгэх ёстой вэ? Үр дүнгийн талаар

-Иргэд гэмтэл авсан л бол гэмтлийн дараах сэргээн засах эмчилгээнд хамрагдах нь зүйтэй. Учир нь гэмтлийн дараа тодорхой хугацаанд хөдөлгөөн хязгаарлах хэрэгтэй болсноор өвчтөний булчингийн үйл ажиллагаа алдагдах, үений хөдөлгөөний далайц багасах зэрэг хүндрэлүүд үүсдэг. Эдгээр хүндэрлүүдээс урьдчилан сэргийлэх зорилгоор булчингийн хүч болон үений хөдөлгөөний үйл ажиллагааг сайжруулах дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж байх хэрэгтэй. Мөн гэмтлээс үүссэн хаван хавдар, шарх, үрэвслийг намдаах зорилгоор цахилгаан эмчилгээнүүдийг хийлгэснээр эдгэрэлтийг явцыг хурдасгах үйлчилгээ үзүүлдэг.

-Халдварт Коронавирусийн цар тахлын хүрээнд эмнэлгүүд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна. Танай эмнэлгийн тухайд хэрхэн үйлчилгээ үзүүлж байна вэ?  

-ГССҮТ нь цар тахлын үеийн халдвар хамгаалалтыг сайжруулах талаар ЭМЯ болон ЭМСайдын тушаал шийдвэрүүдийг мөрдлөг болгон ажиллаж байна.

Манай тасгийн хувьд Сайдын тушаал шийдвэр болон ГССҮТөвийн захирлын тушаал шийдвэрүүдийн дагуу халдвар хамгааллын ажлуудыг шат дараалалтайгаар авч хэрэгжүүлж байна. Жишээ нь олон хүний бөөгнөрөл үүсгэхгүйн тулд тасагуудад хэвтэн эмчлүүлж байгаа үйлчлүүлэгчдэд өрөөгөөр нь очиж үйлчилж байна. Мөн амбулаторын үзлэгийг хуваарийн дагуу хийж байна. ГССҮТ-ийн Яаралтай түргэн тусламжийн тасгаар энгийн өдрүүдэд хоногт 350-400 иргэн үйлчлүүлдэг байсан бол хөл хориотой эдгээр өдрүүдэд 120-130 иргэн гэмтлийн тусламж үйлчилгээг авч байна. ГССҮТ-ийн Яаралтай түргэн тусламжийн тасаг нь иргэдийн хөл хөдөлгөөнийг бага байлгах үүднээс иргэддээ түргэн шуурхай үйлчлэх, зохицуулалт хийх, үйлчлүүлэхээр ирсэн иргэдийг уураар ариутгах, 37-оос дээш халуунтай, эмнэл зүйн гурваас дээш шинж тэмдэг илэрсэн, асуумжтай иргэдийг тусгай өрөөнд оруулан түргэвчилсэн оношлуулаар оношилж ажиллаж байна.

Иргэдэд хандаж Хорио дэглэмийн эдгээр өдрүүдэд хүүхдэд тавих хараа хяналтаа бүү сулруулаарай гэж хэлмээр байна. Хэдийгээр осол гэмтлийн тоо буурсан ч хоногт ирж байгаа иргэдийн тал нь хүүхдүүд байна. Хүүхдүүдийн хувьд унаж гэмтэх, хоорондоо ноцолдож байгаад бэртэх, түлэгдэж гэмтэх тохиолдол их байна.

-Таны хувьд хэдэн оноос тус эмнэлэгт ажиллаж байна вэ?

Миний хувьд сургуулиа төгсөөд л тус эмнэлэгтээ ажиллаж эхэлсэн. 2009-2014 он ГССҮТөвийн СЗЭТ-т сэргээн засах эмчилгээний их эмч, 2015 оноос ГССҮТөвийн СЗЭТасгийн эрхлэгч, 2006 онд ЭМШУИС-ийн АУС хүний их эмч, 2007 онд   ЭМШУИС-ийн МДИ сэргээн засах эмчилгээний их эмчээр суралцсан.

2007 онд   БНСУ-д сэргээн засах эмчилгээний чиглэлээр, 2012 онд Франц улсын Орлеон хотын нэгдсэн эмнэлэгт “Хүзүү, нурууны гэмтлийн мэс заслын дараах сэргээн засах эмчилгээ” чиглэлээр, 2018 онд   Япон улсын “Фүжита” их сургуулийн эмнэлэгт сэргээн засах эмчилгээний их эмчийн мэргэжил дээшлүүлсэн. ГССҮТ-дөө 11 дэх жилдээ ажиллаж байна.

-Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

Таны сурталчилгаа