Иргэдийн түлшний хэрэгцээ хангаж, хууль бус мод бэлтгэлийг зогсоох зорилгоор “Ойн цэвэрлэгээ” үндэсний хөтөлбөр 2014 оноос орон даяар хэрэгжиж байна. Энэ онд улсын хэмжээнд ойн цэвэрлэгээг 38 839 га талбайд 1 235 576 шоо метр хэмжээгээр бэлтгэх хязгаартай. Үүний 0,73 хувь буюу 410 га талбай нь нийслэлийн ногоон бүсийн ойн санд хамаарч байгаа юм.
Нийслэлийн ногоон бүсийн ойн сангийн 230 га талбайд цэвэрлэгээний огтлолт, 180 га талбайд цэвэрлэгээ хийж, 9100 шоо метр мод бэлтгүүлэхээр тогтоосон байна. Энэ оны ойн цэвэрлэгээг эрх бүхий дөрвөн аж ахуйн нэгж түймэр, ойн хөнөөлт шавжид нэрвэгдэж, ургах чадваргүй болсон ой бүхий Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Дээндий, Хуандай, Их амнаас мод тээвэрлэж эхлэлээ.
Ингэхдээ 100 шоо метр тутамд 2 га талбайг суулгацаар ойжуулж, нөхөн сэргээх үүрэг хүлээн, 46 сая төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх аж.
Цэвэрлэгээний автомашинууд нь улсын дугаартай, хаалган дээрээ аж ахуйн нэгжийн нэр, цэвэрлэгээний байршил бүхий таних тэмдэгтэйгээр зөвхөн цэвэрлэгээний талбай – Туул голын хөндий – Гачуурт тосгоны төв – Улаанбаатар хотын модны зах, жижиглэн худалдааны төв гэсэн маршрутаар тээвэрлэх юм. Нийлүүлэлт хэвийн байгаа тул түлээний үнэ өсгөхгүй чиглэлээр модны захуудтай экологийн хариуцлагын гэрээ байгуулжээ.