Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар өнөөдрийн /2020.12.05/ ээлжит мэдээллээ өгч байна.
Энэ үеэр тус яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл
“ЗӨСҮТ-өөс орон нутагт коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд илрээгүй байна. Эрүүл мэндийн яамны 323002 дугаарт 940 иргэн хандаж зөвлөмж зөвлөгөө авсан байна. Бид бүхэн өдөр бүр дэлхий дахинд хэрэглэгдэж байгаа сайн туршлагуудыг танилцуулж байгаа. Өнөөдрийн хувьд хүн хоорондын зай барих шаардлагатай тухай онцолж байна.
Зай барих гэдэг бол халдвараас сэргийлэх үр дүнтэй арга юм гэдгийг дэлхий дахинд баталсан байгаа. Зай барих арга хэмжээг хүн бүр барих хэрэгтэй. Зай бариагүйгээс үүдээд нэг хүн зургаан хүнд халдвар тараах эрсдэл байна. Тухайлбал нэг халдвартай хүн ойрын зайнаас нэг хүнтэй харьцлаа гэхэд 30 хоногийн дотор 3200 хүн халдвар авах эрсдэлтэй байгаа юм. Зай барьснаар ойрын хавьтал байж болох 75 хүнийг халдвараас сэргийлж чадна гэж үзэж байгаа юм. Иймд амны хаалтаа зүүхээс гадна зай барих нь мөн маш чухал гэдгийг хэлье” гэлээ.