Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар өчигдөр /2020-12-04 / дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаад "Засаг даргын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн төслийг өргөн барив. Тэрбээр “2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр дүүргийн Засаг даргаар томилогдож, нэг сарын хугацаанд “Засаг даргын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн төслийг боловсрууллаа. 6 бүлэг 129 зүйлтэй энэхүү хөтөлбөрт Баянгол дүүргийн 225840 иргэн, тэдний төлөөллийн санал хүсэлт, санаачилгууд багтсан. Түүнчлэн 2020 оны сонгуулийн үр дүнд олонх болсон МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан гол заалтууд, бусад намаас дэвшүүлсэн сайн хөтөлбөрүүдийг багтааж, хуулийн дагуу Нийслэлийн Хөгжлийн бодлогын хэлтсээс санал авч, өгсөн зөвлөмжийн дагуу засч сайжруулсан” гэлээ.
Дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд Нийслэлийн Баянгол дүүрэгт МАН олонх болж, шинэ удирдлагын баг сонгогдон ажиллаж байна. Дүүргийн Засаг дарга, орлогч дарга болон холбогдох албаныхан богино хугацаанд ирэх дөрвөн жилийнхээ мөрийн хөтөлбөрийг боловсруулж, ИТХ-д ийнхүү өргөн барьж байна. Уг мөрийн хөтөлбөр нь Баянгол дүүргийн 225 мянга гаруй иргэний ахуй амьдралыг сайжруулахад чиглэгдсэн бодлогын баримт бичиг учраас бид нэг бүрчлэн танилцаж, сайжруулахад анхаарч ажиллах болно. Ирэх дөрвөн жилд Баянгол дүүргийн иргэдийн ахуй амьдрал, орчин нөхцөл илүү сайжрахад бодит нөлөө үзүүлэхүйц мөрийн хөтөлбөр болсон гэдэгт итгэлтэй байна” хэмээгээд ажлын амжилт хүсэв.