Нярай хүүхдээ гудамжинд хаясан хэрэг Сонгинохайрхан дүүрэгт гарсан байна. Өчигдөр буюу 12 сарын 4-ний өдрийн 07:00 цагт "Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвгэрт Toyota sai маркийн автомашины арын тээш дээр өлгийтэй хүүхэд уйлж байна" гэх дуудлагыг иргэн Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд мэдээлжээ.
Тус дуудлага мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын 3 дугаар хэлтэс шалгахад хувиараа хөдөлмөр эрхэлдэг 26 настай "Б" нь энэ оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр 50 см, 3,200 грамм төрсөн өөрийн охиныг гудамжинд машин дээр хаяж явсан гэх нөхцөл байдал тогтоогдсон байна. Одоогоор иргэн Б-г шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм. Хүүхэд эрүүл, ямар нэгэн осголт байхгүй бөгөөд Хүүхэд хамгааллын төвд хүлээлгэн өгсөн талаар албаны эх сурвалж хэлж байна.