Цаг үеийн мэдээ

“Токио-2020” Олимпийн эрх олгох боксын тэмцээн нь 2021 оны 6 дугаар сард Франц улсын Парис хотноо товлосон боловч тамирчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, эрх олгох сүүлчийн тэмцээн болон Олимпийн наадмын хооронд доод тал нь 30-45 хоногийн сэргэлтийн бэлтгэл хийх боломжийг тамирчдад олгох, тухайн улсын Засгийн газрын бодлогын дагуу “Ковид-19” карантины хугацаа, олон улсын аяллын хориг зэргийг харгалзан үзэж, ОУОХ-ны бокс хариуцсан ажлын хэсгээс (BTF-Boxing Task Force) эрх олгох хамгийн эцсийн тэмцээн болох Парисын олимпийн эрхийн тэмцээнийг цуцлах асуудлыг ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлд албан ёсоор танилцуулахаа мэдэгдлээ.


“Токио-2020” зуны XXXII oлимпийн наадмын боксын төрөлд эрэгтэйчүүдийн 8 жинд 186, эмэгтэйчүүдийн 5 жинд 100 тамирчин, нийт 286 тамирчинд эрх олгох юм. Үүнээс нийт тамирчдын 40 хувь нь Ази, Номхон далайн орнууд, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн эрхээ хүртээд байна.
Өнгөрсөн оны III сард “Ковид-19” цар тахлын улмаас ид дундаа зогссон Европын АШТ ирэх IV сард Лондон хотноо зохиогдох байсан ч мөн VI сар хүртэл хойшилж, Америк тивийн эрх олгох тэмцээн V сарын 10-16-ны өдрүүдэд Аргентин улсын Буэнос Айрeс хотноо болсноор тив тус бүрээс oлимпод оролцох шилдэг тамирчдын нэрс тодрох болов.


Боксын олимпийн эрхийн дэлхийн тэмцээнээс үлдсэн 53 /эрэгтэй 32, эмэгтэй 21/ олимпийн эрхийн төлөө тамирчид өрсөлдөх байсан ч ОУОХ-ны Боксын асуудал эрхэлсэн ажлын хэсгийн II сарын 12-ны өдрийн хурлаар “Парис-2021” дэлхийн эрхийн сүүлчийн тэмцээн  цуцлагдсан тул Африк, Америк, Ази-Далайн орнууд, Европ тив, бүс нутгуудад жин тус бүрт нь тэнцүү хуваарилахаар тогтлоо. Түүнчлэн олимпийн эрх хүртээгүй ч хамгийн өндөр оноотой боксчинд нэр заан олгохоор бүх жинд тус бүр нэг квота хадгалж, бүх тэмцээн өндөрлөсний дараа эцэслэн зарлахаар шийд гаргажээ.


Иймд тивийн АШТ-ээс эрхээ хүртэж чадаагүй тамирчид нь сүүлийн 4 жилийн буюу 2017-2020 оны хооронд оролцсон олон улсын тэмцээний чансааны онооны /BTF Ranking/ дагуу тив тус бүрээс олимпийн эрхийг дээрх тогтсон квотын дагуу олгоно. Энэхүү олимпийн эрх олгох үйл ажиллагааг ил тод, шударга явуулах зорилгоор бүх тэмцээний дүн мэдээг хөндлөнгийн аудитаар журмын дагуу шалгуулсан байна.


ОУОХ-ны боксын ажлын хэсгийн дарга Моринари Ватанабэ

Таны сурталчилгаа