Чөлөөт бөхөөр дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг АНУ-ын их, дээд сургууль, коллежийн “NAIA” дивизионд Небраска мужийн Грит хотын “Доан” коллежийн 3 дугаар дамжааны оюутан Болдмаагийн Бат-Эрдэнэ 63.96 кг жинд таван барилдан давж аварга боллоо.
Түүний хувьд өнгөрсөн жил тус тэмцээнд түрүүлж байсан бөгөөд ийнхүү хошой аваргаар тодорч байна. Б.Бат-Эрдэнэ 1994 онд Өвөрхангай аймагт төрсөн. Тэрбээр “Арслан” клубт ОУХМ Ц.Гантөгс, спортын мастер И.Моломжамц нарын удирдлага дор чөлөөт бөхөөр анх хичээллэж залуучуудын УАШТ-ээс алт, мөнгө, хүрэл, өсвөр үеийн УАШТ-ээс хошой хүрэл медаль хүртэж байжээ.