Цаг үеийн мэдээ

“Токио-2020” олимпийн наадмын хүндийг өргөлтийн тэмцээнийг Л.Одгэрэл шүүх томилолт өвөртөллөө. Лхагвасүрэнгийн Одгэрэл нь 1982 оны зургаадугаар сарын 14-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод төрсөн. “Их шавь” БТДС-ийг багш, Бээжин хотын БТДС-ийг хүндийг өргөлтийн дасгалжуулагчийн мэргэжлээр тус тус дүүргэсэн. Эмэгтэй туйванчдаас “Чинхуандао-2013” Азийн АШТ-ээс хамгийн анхны тивийн мөнгөн медаль хүртэж, 2012 онд олон улсын шүүгчийн болзол биелүүлсэн. Л.Одгэрэл нь ДАШТ-д шүүгчээр 7 удаа уригдаж, Тяньжинь-2013 Зүүн Азийн наадам, Тайпей-2017 Универсиад, Жакарта-2018 Азийн наадам, Буэнос-Айрес-2018 Залуучуудын олимпийн наадмыг шүүсэн. Тэрбээр Монголын хүндийг өргөлтийн спортын түүхэнд олимпийн наадамд шүүгчээр томилогдсон анхдагч эмэгтэйгээр тодорлоо. Афин-1896 анхны олимпоос гараагаа эхлэн, 29 удаа албан ёсны хөтөлбөрт багтсан хүндийг өргөлтийн спорт нь 2021 оны долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 4-ний өдрүүдэд “International Forum” ордонд зохиогдох бөгөөд манай туйванчид нийт найман удаа олимпод оролцсон түүхтэй.

IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооноос “Токио-2020” олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээнийг шүүх шилдэг 16 шүүгчийн нэрсийг зарласан. Үүнд манай улсаас IJF-ийн дэлхийн зэрэглэлийн шүүгч Төрбатын Энхцэцэг багтснаар олимпийн зэрэглэлийн шүүгч боллоо. Ингэснээр Т.Энхцэцэг нь Монголын спортын түүхэнд олимпийн наадам шүүх анхны эмэгтэй шүүгч болж байна. “Токио-2020” олимпийн наадамд манай улс жүдо бөхийн төрөлд боломжит 14 олимпийн эрхээс одоогоор 12 эрх авах боломжтой байгаа. Жүдо бөхийн олимпийн зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг нь 2017 оноос IJF-ийн нийт 34 тэмцээн шүүсэн бөгөөд дэлхийн цуврал тэмцээнүүдээс гадна “Будапешт-2017”, “Баку-2018”, “Токио-2019” насанд хүрэгчдийн ДАШТ-ийг дэнсэлж, 2018 онд Монголын Үндэсний Олимпийн Хорооны Бөртэ Чоно наадмаас шилдэг шүүгчийн шагнал гардаж байлаа. 

Ташрамд мэдээлэхэд Монгол Улсын хамгийн анхны жүдо бөхийн олимпийн зэрэглэлийн шүүгч бол Машбатын Бөхбат юм. Сар шинийн өмнөхөн Монгол Улсын төрийн тэргүүнээс Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цол хүртсэн М.Бөхбат "Рио-2016" олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээнийг шүүж, МҮОХ-ны тэргүүн шагнал болох "Бөртэ Чоно" наадмын шилдэг шүүгчийн шагналыг гардан авч байсан  билээ. 

Дэлхийн байт харвааны холбоо /World Archery Federation/-ноос “Токио-2020” олимпийн наадмыг шүүх шилдэг 14 шүүгчийн нэрсийг албан ёсоор зарласан. Үүнд Монголын шүүгч Энхбат овогтой Саруул багтаж, энэ спортын түүхэн дэх анхдагч боллоо. “Токио-2020” байт харвааны тэмцээн долдугаар сарын 23-31-ны Токио хотын Юүменошима Паркт зохиогдох бөгөөд одоогоор монголын тамирчин Б.Отгонболд олимпод өрсөлдөх эрхээ хүртээд буй билээ. Байт харваа нь Сент-Луис-1900 наадмаас эхлэн нийт 17 удаа олимпийн хөтөлбөрт багтсан бөгөөд манай харваачид найман удаа олимпод оролцсон байна. 

Энэ жил 35 настай Э.Саруул нь эрх зүйч, франц хэлний орчуулагч мэргэжилтэй, 2007 оноос байт харвааны спортоор хичээллэж, 2009 оноос шүүгчээр ажиллаж эхэлсэн. Түүний аав Р.Энхбат нь тэшүүр, ээж Б.Цэцгээ нь байт харваагаар хичээллэж байсан спортын гэр бүлд өссөн. Тэрбээр 2013, 2019 оны Азийн АШТ, 2015, 2021оны Залуучуудын ДАШТ,  2016 оны Дэлхийн цом, 2016 оны Оюутны ДАШТ, 2019 оны Универсиад, 2018 оны Залуучуудын III Олимпийн наадамд тус тус шүүгчээр ажилласан.  

Таны сурталчилгаа