Цаг үеийн мэдээ

Японы мэргэжлийн сумо бөхийн хаврын тэмцээн Харү башё ням гарагт Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд эхэлж, 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал энэ башёд барилдаж байна.

Харин 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд бэртлийн улмаас энэ удаа өнжсөн юм.  Энэ сард 36 нас хүрсэн Хакүхо М.Даваажаргал эхний өдөр, өнгөрсөн Хацү башёд түрүүлсэн Комүсүби Дайэйшёотой учраа тааран барилдаж, түүнийг ёритаоши мэхээр давлаа.

Их аварга 2020 оны долдугаар сарын Нагоя башёд барилдсанаас хойш ийнхүү дэвжээнд гарч анхны даваагаа авч байна. Тэрбээр энэ хугацаанд баруун өвдгөндөө 2020 оны 8 дугаар сард хагалгаа хийлгэсэн бөгөөд 2021 оны эхээр “Ковид-19” халдвар авч, эмчлэгдэн эдгэрсэн юм.

Харү башёшийн дээд зиндаа буюу Макүүчид 7 монгол сумоч барилдаж байгаа бөгөөд энэ өдөр Чёошома Г.Мөнхсайхан /М-14/, Котоеко /М-14/-той таарч ошитаоши мэхээр, Хошёорюү С.Бямбасүрэн /М-9/, Мидорифүжи /М-10/-д цүкиотоши мэхээр тус тус ойчлоо.

Харин Ичиножёо А.Ичинноров /М-6/, Точиношин /М-7/-той учраа таарч уватэнаге мэхээр давж эхний даваагаа авлаа. Энэ өдөр Кирибаяама Г.Лхагвасүрэн /М-4/, Шиманоүми /М-3/-гийн ошидаши мэхэнд ойчиж башёг унаагаар эхлүүлэв. Тамаваши Б.Мөнх-Оргил /М-6/ энэ өдөр Окиноүми /М-5/-д исамиаши мэхээр уналаа.

Харин Озэки цолоо буцаан авахад ойрхон байгаа Сэкиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ башёгийн эхний өдөр Хокүтофүжи /М-2/-г шитатэнаге мэхээр унагаж 1 даваатай болов.

Энэ өдрийн барилдаанд Озэки Шодай, Комүсүби Митакэүмид ёритаоши мэхээр унасан бол Озэки Асанояама, Такакэйшо нар өрсөлдөгчдөө хаяж башёг даваагаар эхлүүлэв.

Өнөөдөр Их аварга Хакүхо, Такарафүжитэй, Сэкиваке Тэрүнофүжи, Ватакакагетай хүч үзнэ. Харин Ичиножёо, Окиноүмитэй, Тамаваши, Точиношинтой, Кирибаяама, Эндотой, Хошёорюү, Рюүдэнтэй тус тус барилдана.

 

 

 

 

Таны сурталчилгаа