Олон улсын боксын холбоо (AIBA)-ны Ерөнхийлөгч У.Кремлёв нь “Аваргууд ба алдартнууд” шинэ комиссын гишүүнээр “Бээжин-2008” зуны ХХIX олимпийн наадмын аварга, 2008 оны Дэлхийн шилдгийн шилдэг боксчин, Монголын боксын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин Энхбатын Бадар-Ууганыг албан ёсоор томилсоноо мэдэгдлээ.
“Аваргууд ба алдартнууд” комисс нь Швейцарийн Лозанн хотод төвтэй, 1946 онд байгуулагдсан, 204 гишүүн орныг эгнээндээ нэгтгэсэн Олон улсын боксын холбооны дэргэд шинээр байгуулагдсан, цаашид холбооны үйл ажиллагаанд нөлөө бүхий үүрэгтэйгээр оролцох, өндөр ач холбогдол өгч буй комисс юм.
Олимпийн аварга Э.Бадар-Ууган тус комиссын гишүүн болсноор Монгол Улсаас анх удаа Олон улсын боксын холбоонд хариуцлагатай алба хаших эрхэм үүрэг хүлээж байна.
Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпийн хороо