Цаг үеийн мэдээ

Зуны олимпын XXXII наадмын эрх олгох чөлөөт бөхийн Ази тивийн эрх олгох тэмцээнд бямба гарагт хүчээ сорьсон манай эмэгтэй 5 бөхөөс 4 нь Токиог зорих эрхтэй болов.

Казахстаны Алматы хотод үргэлжилж байгаа тус тэмцээний эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Ц.Намуунцэцэг, 53 кг-д “Женко” клубийн тамирчин ОУХМ Б.Болортуяа, 57 кг-д Баянхонгор аймгийн тамирчин ОУХМ Б.Хонгорзул, 76 кг-д гавьяат тамирчин О.Бурмаа нар "Токио-2020" олимпын эрх авлаа

“Афин-2004”, “Лондон-2012” олимпын наадамд оролцсон, ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт,  39 нас хүрч байгаа О.Бурмаагийн жинд 5 бөх тойргоор барилдахад Киргизийн Айпери Медет Кызыд оноогоор цэвэр ялагдсан ч Энэтхэгийн Поожаг 3:1-ээр, БНСУ-ын Жон Сёо Йоныг 6:3-аар дараалан ялж, эрхийн төлөөх барилдаанд Узбекистаны Ш.Эльеваг хашир туршлагаар илүүрхэн цэвэр ялж, 8 жилийн давтамжтай олимпын эрх авч чадлаа.

Монголын эмэгтэй бөхчүүд ийнхүү 2 алт /Б.Болортуяа, Б.Хонгорзул/, 2 мөнгө /Ц.Намуунцэцэг, О.Бурмаа/, нэг хүрэл /С.Цэрэнчимэд/ медальтай, олимпын 4 эрх авч, нийт 5 /С:Батцэцэг/ эрхтэй болов. Харин 62 кг-д С.Цэрэнчимэдийн хувьд тавдугаар сард Болгарт болох дэлхийн тэмцээнээс эрх авах хариуцлагатай даалгавар ногдлоо. Азиас олимпын наадмын эмэгтэйчүүдийн төрөлд Япон, БНХАУ бүтэн багаараа, Монгол 5, Казахстан, Энэтхэг, Киргиз тус бүр 3 эрх аваад байна.

Ази тивээс олимпын эрх авсан эмэгтэй бөхчүүд:

50 кг: Юи Сүсаки /Япон/, Цогт-Очирын Намуунцэцэг

53 кг: Бат-Очирын Болортуяа , Татьяна Аманжол /Казахстан/

57 кг: Болдсайханы Хонгорзул, Аншу /Энэтхэг/

62 кг: Жиа Лон /БНХАУ/, Сонам Малик /Энэтхэг/

68 кг: Зоу Фенг /БНХАУ/, Меерим Жуманазарова /Киргиз/

76 кг: Айпери Медет Кызы /Киргиз/, Очирбатын Бурмаа

Өнөөдөр эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд хүч үзэх Монголын 5 бөхийг танилцуулбал, 57 кг-д ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулга, 74 кг-д ОУХМ Б.Бат-Эрдэнэ, 86 кг-д ОУХМ Г.Ганхуяг, 97 кг-д ОУХМ Ө.Батзул, 125 кг-д ОУХМ М.Лхагвагэрэл нар өрсөлдөнө.

Таны сурталчилгаа